"Fox News” телевизийн тоймч, Америк гүрний хамгийн алдартай хөтлөгч Такер Карлсоны нэвтрүүлгээс хэсэгчлэн хүргэж байна.
...Америк гүрэн үнэн хэрэгтээ гуравдагч ертөнцийн "тамын нүх" болж хувирчихлаа. АНУ-ын олон газар нутагт тог цахилгааны үнэ хяналтаас бүрэн гарчээ. Гэтэл манай эрх баригчид үүнийг үл анзаарч байна, өөрчлөх бодол ч тэдэнд алга. Яагаад гэвэл, Байдены захиргаа сэргээгдэх эрчим хүчний асуудлыг чухалчилж байна, тэр үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхийг хүсэхгүй байна. Гэтэл манай Америк бол нефтийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Тэр бүү хэл Цагаан ордон энэ асуудал бэрхшээлийг улам даамжруулж хүндрүүлэхийг зорьж байна:
....Эрчим хүчний хямралаас болж Европын эдийн засаг олон алхам хойшоо ухарсан тухай бид өмнө ярьсан билээ... Тэд улам ядуурсаар л байна. Энэ нь зарим талаар Украины зөрчил дайнтай холбоотой, гэхдээ өөр олон асуудал ч бий....
Гэтэл яг ийм явдал энд манайд өрнөж байна. Америкт тог цахилгааны үнэ бүрэн хяналтаас гарсан... Жишээ: Бостон хотод 2021 оны 11 сараас 2022 оны 11 сар хүртэл тог цахилгааны үнэ 46% өсчээ, Хавайд 36%, Майамид 35%, Балтиморд 24%. Бодит байдал үнэндээ ийм л байна. Ганцхан жилд шүү! Энд зөвхөн дундаж үнийг нэрлэлээ... Зарим нутагт цаг агаарын таагүй нөхцлөөс болж эрчим хүчний үнэ бүр 6000% давчихжээ.
“Bloomberg” агентлагийн мэдээлснээр Техас мужийн Хьюстонд Зул сарын өмнө өвлийн шуургаас болж тог цахилгааны үнэ 65 дахин нэмэгдсэн. Яагаад ийм юм болов?
Бүх зүйл маш энгийн. Сэргээгдэх эрчим хүч, бас тэрбум тэрбумыг Ардчилсан намынханд хандивлаж буй хүмүүсээс болоод. Байдены захиргаа нөхцөл байдлыг засч залруулах бодолгүй байна. Тэд асуудлыг улам даамжруулах сонирхолтой, учир нь ивээн тэтгэгчид нь үүнийг хүсдэг. Дэд ерөнхийлөгч Камала Харрис юу гэсэн гээч?
“Цахилгаан авто машиныг цэнэглэх станцуудын шинэ сүлжээ удахгүй манай нэг эргээс нөгөө хүртэл үргэлжлэх болно. Мөн манай гарагийг хамгаалж эрчим хүчний зардлыг хэмнэх салхины шинэ турбин, нарны хавтангууд ч гэсэн. Та нарын орон гэрт ус халаагч ажиллаж тог цахилгааны зардлыг бууруулж бохирдлыг багасгана. Ерөнхийлөгч Байден бас би үүнийг илүү сайн хийж чадна, хурц тод ирээдүйг бодит болгох болно” гэж тэр мэдэгдсэн.
Та нар юу хийх хэрэггүй гэдгээ мэдэж авав уу? Харанхуй мунхаг, мэдлэггүй бүлэг хүмүүс сэжигтэй сонгууль явуулж төр засгийн эрхийг гартаа авч та бидний төрж өссөн эх орныг гуравдагч ертөнцийн “тамын нүх” болгохыг бүү зөвшөөрцгөө! Гэтэл бид яг ийм л юм руу явж байна. Энэ хэтрүүлэг биш ээ. Тоо баримтыг харцгаа!
Нефтийн олборлолтоор дэлхийд тэргүүлэгч Америк гүрний тог цахилгааны үнэ таныг түгшээж байгаа бол энэ бүхэн санамсаргүй биш, харин тодорхой зорилготой болохыг мэдэж авцгаа!
Орчуулсан #МЦогзолмаа