Image description

“COVID-19-н эсрэг 4 дэх вакцинаа манайхан “Спутник Лайт” гэж нэрлэсэн, түүнийг бүртгэж авахад шаардлагатай бүх бичиг баримт ирсэн байгаа” хэмээн ОХУ-ын ЭМЯ мэдэгдлээ. “Спутник Лайт” бол үнэн хэрэгтээ “Спутник V” вакцины хөнгөвчилсөн хувилбар юм байна, гэхдээ ганц тунгаар тарьдаг.

Орос орон даяар вакцинжуулалт өрнөж, бүр театр, худалдааны төв болон явуулын цэг дээр хүртэл вакцин тарьж байна. Эдгээр цэг амралтын өдрөөр ч ажилладаг ба ихэнх тохиолдолд урьдчилан утсаар захиалга өгөх шаардлагагүй аж. "Эрт вакцин тариулах тусам манай улсад “сүргийн дархлаа” хурдан тогтож, хэвийн амьдралдаа буцаж орно. Дэлхий даяар хүмүүс вакцин тариулах гээд олдохгүй байхад харин манайд үнэгүй, оочир дараалалгүй хийж байгаа" гэж Оросын эрх баригчид ХМХ-ээр сурталчилж байна. 

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин “Би бусад улсын төрийн тэргүүнүүд шиг заавал камерын өмнө тариулж жүжиглэхийг хүсээгүй. Хэрэв та өөртөө итгэлтэй, идэвхтэй амьдрахыг хүсдэг бол, өвдмөөргүй байгаа бол, ковидын хүндрэлийг биеэр амсч туулмааргүй байгаа бол вакцин хийлгэх хэрэгтэй. Тэгээд ч манай 3 вакцин гурвуулаа сайн, аюулгүй, найдвартай, үр дүнтэй бас харшил үзүүлдэггүй. Дархлаа тогтоох хугацаа нь жаахан өөр өөр. Архаг өвчтэй хүмүүс манай вакциныг тариулсны дараа бие нь хэвийн байгаа тохиолдлыг би мэднэ" гэж ярилаа..

“Хэрэв манай вакцинжуулалт энэ хэвээр үргэлжилбэл зуны сүүл гэхэд насанд хүрсэн хүн амын 70% нь вакцинд тариулсан байна. Өөрөөр хэлбэл бид хэвийн амьдралдаа буцаж орно” гэж Путин онцлон тэмдэглэв. Сэтгүүлч түүнээс “Вакцин тариулсны дараа таны бие ямар байв, өөрчлөлт анзаарагдав уу?” гэж асуухад Путин “Вакцин хийлгэсний дараа би бараг юу ч мэдрээгүй, бие хэвийн байсан. Харин 5 цаг орчмын дараа зүүн гараа (би зүүн гартаа тариулсан юм) өргөх гэтэл жаахан таагүй мэдрэмж төрсөн, өвдсөн гэхэд хаашаа юм. Би юмыг яаж мэдэхэв гээд халуун хэмжигч хажуугийн жижиг шүүгээн дээр тавиад хоносон. Өглөө хэмжихэд халуураагүй байсан. Маргааш нь тэр газарт дарахад жаахан мэдрэгдээд байсан л даа... Би тэгээд халуун хүйтэн ус ээлжилж гоожуулан шүршүүрт орсон, бараг өдөр болгон ингэх дуртай. Гэхдээ би 3 өдөр спортоор хичээллээгүй, хоккей тоглоогүй, б/т заал ч ороогүй, бассейнд ч сэлээгүй” хэмээн хариуллаа.