“Грект тамын түймэр дүрэлзэж байна. Тэнгэрээс хур тунадас биш үнсэн бороо орж эхэллээ. Хүчтэй шуурга энэ түймрийг орон даяар тараалаа. Хотуудыг түймрийн утаа бүрхэн авч хөгжин цэцэглэж байсан зарим тосгон суурин тэр чигтээ шатаж үнсэн товрог болжээ. Гал сөнөөх албаныхан сунаж унатлаа ажилласаар... Ойн түймэр улам газар авч олон мянган гектарт асч дүрэлзэж байна, айлын гэр орон, барилга сууц, авто зам, наран шарлагын газар, араатан амьтдыг ар араас нь залгисаар л. Ганц хоногт 98 шинэ голомт буюу 100 шахам түймэр шинээр нэмэгдсэн. Одоо нийт 150 түймрийн голомт байна” гэж тус орны ХМХ мэдээлэв. “Зүүн хойд нутаг Александруполист амь үрэгдсэн 26 хүний цогцос олдсон. Орон нутгийн иргэдийн дунд сураггүй алга болсон хүн байхгүй, иймээс тэд хууль бусаар орж ирсэн цагаач дүрвэгчид байх” гэж Гал сөнөөх албаны төлөөлөгч Яннис Артопиос мэдэгдэв.
Их түймэр одоо бүр нийслэл хотод дөхөн ирж эмнэлэг болон сүм хийд зэрэг байгууллагад аюул учирлаа. Гал түймэр цагт 60км цаг хурдтай тархаж байна. Түймрийн утаа энэ орны 2 дахь том хот Салоникийг бүрхжээ. Гамшгийн бүсээс мянга мянган хүмүүсийг нүүлгэн шилжүүлэв, түүний дотор 20 мянга гаруй жуулчинг. Түймрээс зугтаж далайг чиглэсэн хүмүүсийн шарилыг өдөр бүр Эргийн харуулынхан шүүрдэн авч байна.
Грек даяар 7 сарын дунд үеэс хойш гал түймэр тасралтгүй асч байна. Хамгийн аюултай байдал эртний Олимп, Крит арал гээд Грекийн төв хэсэгт үүсчээ. Их халуун уур амьсгал ба хүчтэй салхины улмаас гал түймрийг унтраах маш хэцүү байгаа аж. Арлууд ч аюулд өртөв, Родос дээр л гэхэд түймрийн 60 голомт нэмэгдсэн гэж мэдээллээ.
Грекийн эрх баригчид ой мод, уул руу гарахыг иргэддээ хатуу хоригложээ. Гал сөнөөх албаныхан, бас цэргийнхэн гээд Грек бүх хүчээ дайчилж асар их хүчин чармайлт гаргаж буй хэдий ч нөхцөл байдал улам дордсоор байна.
Грект хоногт түймрийн 98 голомт нэмэгдэв
2023-8-23
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.