Өмнөд Солонгос улсад 120 мянга гаруй багш эрхээ хамгаалахаар эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэж жагсчээ. Зөвхөн Сөүл хотод 50 мянган хүн эсэргүүцлийн жагсаалд оролцсон байна. Багш нар ажилдаа очоогүй учраас улс даяар олон сургуулийн хичээлийг цуцалжээ. “Тус улсад ээлж дараалан хэдэн багш амиа хорлосон хэрэг гарлаа. Тэд сурагчдын эцэг эхийн зүгээс үзүүлдэг сэтгэл зүйн дарамтыг тэвчиж чадаагүй.... Үүний дараа Солонгосын өнцөг булан бүрд багш нар эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. 9 сарын 4-ний цуглаан бол өмнөх эсэргүүцлийн ажиллагааны үргэлжлэл. 9 сарын 2-нд Үндэсний ассамблейн дараа болсон цуглаанд 200 мянга орчим багш ирж үзэл бодлоо илэрхийлсэн” хэмээн “Reuters” агентлаг мэдээллээ.
Сүүлийн 6 жилд энэ улсын төрийн сургуулиудын 100 гаруй багш амиа хорлосон ба тэдний талаас илүү нь бага ангид багшилдаг байжээ. Хамгийн сүүлд гэхэд 7 сард залуухан багш эмэгтэй, 8 сарын сүүлээр бас 2 багш өөрийгөө егүүтгэсэн. Тэд бүгд хамт ажиллагсад болон гэрийнхэндээ “Эцэг эхчүүдийг зүгээс ирэх дарамт шахалт, хавчилгыг цаашид тэвчиж чадахгүй. Тэд хоногийн аль ч үед утастаж сүрдүүлдэг, үүний зэрэгцээ бодит бус шаардлага тавьж хүүхдүүдтэй харгис харьцлаа гэж гүтгэх зэргээр намайг бүхэнд буруутгадаг” гэж хэлж байжээ.
Харин Өмнөд Солонгосын Боловсролын яам эсэргүүцлийн ажиллагаатай холбогдуулан “Бид багш нарын ажлын орчин, нөхцөл байдлыг сайжруулах арга хэмжээ авах болно. Бид та нарыг эцэг эхчүүдийн шударга бус буруутгал болон хувийн гар утас руу утастахаас хамгаална... Гэхдээ ажлын өдрийг хамт олноороо таслах нь хууль зөрчсөн хэрэг, иймээс халах арга хэмжээ авах буюу сургуулийн захирлууд, багш нарын эсрэг эрүүгийн хэрэг нээхийг анхааруулж байна” гэж мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Өмнөд Солонгосын 120 мянган багш эсэргүүцэл зарлажээ
2023-9-06
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.