“АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх 7 хоногт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг өөрчлөх асуудлыг сөхнө. АЗ-ийн бүтцэд үнэлгээ өгөх цаг ирсэн гэдгийг бид мэдэгдэж байна” хэмээн Цагаан ордон мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан “El Mundo” сонины нийтлэлээс хэсэгчлэн хүргэж байна. "НҮБ-ын Ерөнхий ассамблейн ээлжит чуулган даваа гарагт эхэллээ. Энэ хуралдаан хамаг анхаарлаа Украин бас АЗ-ийг өөрчлөх асуудалд хандуулна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ч энэ арга хэмжээнд оролцоно, бас Вашингтонд очиж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахаар төлөвлөсөн. Зеленский үнэндээ Америкийн дотоод асуудал, улстөрийн тэмцээнд татагдан орох бололтой. Яагаад гэвэл, Киевт үзүүлэх 24 тэрбум долларын тусламжийг Конгресс батлах гэж байгаа. Гэвч Бүгд найрамдах намынхан эхлээд Байденаас буулт хийлгэхийг хүснэ, Цагаачлал болон зардал бууруулах асуудлуудыг шийдсэний дараа л тэд үүнийг зөвшөөрнө гэсэн... Ерөнхий ассамблей түүнчлэн байнга хойшлуулсаар ирсэн АЗ-г өөрчлөх асуудлыг авч хэлэлцэнэ. Украины дайны үед энэ бүтэц ямар ч ашиггүй гэдгээ харуулсан, учир нь Орос, Хятад 2 хориг тавих эрхтэй. Америк сүүлийн хэдэн арван жилийн турш Герман, Энэтхэг, Бразил, Япон зэрэг орныг АЗ-ийн байнгын гишүүдээр элсүүлэн, хориг тавих эрхтэй болгохыг эрмэлзэж буй. Гэвч Хятад, Орос үүнийг эсэргүүцдэг, мөн Франц, Англи ч гэсэн өөрсдийн нөлөөг улам бүр алдахгүйг хичээн эсрэг байгаа. НҮБ өдгөө даяаршсан ач холбогдлоо алдаж байна, иймээс түүнийг шинэчилж өөрчлөх ёстой. НҮБ-ын өөрчилнө гэдэг нь АЗ-г өөрчилнө гэсэн үг. Энэ Зөвлөл анх байгуулагдсан үе буюу 1945 оны тусгал байхаа больж 2023 оны дүр төрхийг харуулах ёстой. НҮБ өнөөгийн шинээр үүсэн бүрэлдэж буй шинэ ертөнцөд дасан зохицож чадахгүй бол удахгүй “хөгшин бөгөөд баян Өрнөдийн орнуудын клуб” төдий болж хувирах шинжтэй. Тэгээд ч Европын экс колониуд буюу Даяаршсан Өмнөдийн орнууд илүү том байр суурь эзлэхийг хүсч байна” хэмээн “El Mundo” бичжээ.
#МЦогзолмаа орчуулав.
El Mundo: НҮБ ач холбогдлоо алдах эрсдэлтэй
2023-9-18
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.