Орос улсын Брянск хотын 14 настай охин галт зэвсэгтэй сургууль дээрээ ирж ангийнхнаа буудсан аймшигт хэрэг гарсан тухай “ТАСС” агентлаг мэдээлэв. 12 сарын 7-ны пүрэв гарагт тус хотын 5-р гимназийн 8 “а” ангийн сурагч охин аавынхаа “Бекас 3” ангийн буутай сургуульд орж ирэн биологийн хичээл дээр ангийнхнаа буудаж эхэлжээ. 1 хүү (зарим мэдээгээр охин) амь үрэгдэж 5 сурагч шархадсан. Зарим нь мэс засалд орж бие нь хүндхэн байна. Охин хэргийн газар дээр өөрийгөө буудаж амиа хорложээ. Шархадсан хүүхдүүдийг эмчлэхээр Москва руу авч явжээ.
Охины эд юмсыг шалгахад үүргэвч, хутга, дэвтэр, сурах бичиг, сумтай хайрцаг, чүдэнз, уусгагч шингэнтэй лонх, асаагуур бас хачин утгатай зурвас гарч иржээ. “Найз хөвүүнтэйгээ заавал уулзах ёстой” гэж тэнд бичсэн байсан. “Нэг хүүг булаацалдсанаас болж ийм хэрэг гарлаа. Тэр хөвүүн цуг сурдаг, сая суманд оногдож амиа алдсан”, “Үгүй ээ, түүнийг ангид нь охид ялгаварлаж гадуурхдаг байжээ, нөгөө охин амь үрэгдлээ”, “Охиныг бүр бага ангид байхаас ангийн хөвүүд нь (зарим мэдээгээр охид) гадуурхаж шоовдорлосон. Охин голдуу хөвгүүдийг бууджээ” гэж Оросын зарим ХМХ бичжээ.
Охины эцгийг, мөн сургуулийн захирал, хамгаалалтыг хариуцсан “Экскалибур” хувийн компаний захирал Сергей Поддубный, хамгаалагч тэтгэврийн насны эмэгтэй Галина Черткова нарыг баривчлан шалгаж эхлэв. 5-р гимназийг хувийн хамгаалалтын компаний ажилтнууд хамгаалдаг ба видео камерын системтэй, түгшүүрийн дохиотой. Бас багш нар тогтмол террорист ажиллагааны эсрэг сургалтад хамрагддаг юм байна.
Галт зэвсэг хайнга хадгалсан хэргээр охины эцэг 53 настай эрд эрүүгийн хэрэг үүсгэжээ. Аав нь өөрөө яаж буудахыг охиндоо зааж өгсөн гэнэ, түүнийг 2 жил хүртэл хорих магадлалтай.
Охиныг Алина Трутнева (нэр овгийг өөрчилсөн) гэдэг, тэр бол ихрийн өрөөсөн. Ихрүүд хоёулаа энэ гимназид 1-р ангиасаа суралцдаг. Аав ээж гээд ам бүл 4-үүлээ. Харин том эгч нь нөхөрт гараад Москвад амьдардаг аж.
Алина том ууттай сургуулийн коридороор явж байхад хичээл эрхлэгч тааралдсан ч үл тоожээ.
Охины эцэг эх мөрдөн байцаалтын үеэр ярихдаа “Алина сүүлийн 2 хоногт их өөрчлөгдсөн, хачин авирлах болсон. Юм ярихгүй, бараг хэнтэй ч үг солихгүй, асуултад хариулахгүй.... Өглөө тас хар хувцас өмсөөд гэрээсээ гарсан” хэмээжээ. Ээж нь “Алина өглөөний цайгаа уухаас татгалзсан. Тэр гэрээс яг гарахын өмнө надад “Уйлаан майлаан болох хэрэггүй шүү” гэж хэлсэн юм. Би тэр үед ойлгоогүй” гэж ярилаа.
Охин хичээлийн 2-р цаг дээр хожигдож орж иржээ. Өглөө 9 цаг 15 минут орчимд. Биологийн багш дэвтэр тарааж байлаа. Алина шууд л буугаа гаргаад замбараагүй буудаж эхлэв, гэхдээ дандаа сурагчид руу онилсон. Биологийн багш, 26 настай Офеля Мкртчян буудлагыг зогсоохыг оролдон өөрийн биеэр сурагчдыг халхалж амийг нь аварсан тухай бас ХМХ мэдээлэв. Гэхдээ багш бүсгүй шархдаж эмнэлэгт хүргэгдсэн тухай албан ёсоор мэдээлээгүй аж. Ихрийн өрөөсөн энэ үед ангид байжээ.
Хажуу ангиудад хичээл орж байсан багш нар буун дуу сонсогдмогц ангиудын хаалгыг хааж аюулгүй гэсэн буланд хүүхдүүдийг цуглуулж байв. Нэг багш хүүхдүүдийг айж сандарсандаа гэнэтийн болгоомжгүй алхам хийхээс сэргийлэн хөгжим асааж дуулуулж байжээ.... Биеийн тамирын багш айж түгшсэн хүүхдүүдийг гар дээрээ өргөн сургуулиас гаргаж эхэлсэн.
Ангидаа хядлага үйлдсэн охин “Telegram” нийгмийн сүлжээн дэх өдрийн тэмдэглэлдээ “Адгуусууд миний сэтгэл санаа, сэтгэцийг ёстой янз бүрээр тамладаг.... Ядаж байхад хамгийн уранхай, ноорхой сурах бичиг өгдөг, бүгд шоолж инээлддэг” гэж бичжээ. Энд охин төрсөн эцэг болон ихрийн өрөөсөн, бас ангийнхнаа үзэн яддаг тухай их бичсэн байлаа. Гэхдээ энэ үнэхээр Алинагийн аккуант мөн эсэхийг одоо шалгаж байна.
Тэр аймшигт гэмт хэргээ зуны амралтын үеэс төлөвлөсөн бололтой. Эхлээд 9 сарын 1-нд хийхээр сонгосон, гэтэл аав нь буугаа гарааш руугаа аваад явсан байв. Алина нэг үе тэсрэх бөмбөг хийхээр оролдсон ч химийн хичээлдээ тааруухан учраас тэгсхийгээд больжээ. Үүний бурууг тэр сургууль, ангийнхандаа тохсон. “Би террорист биш, скулшутерш биш. Гэхдээ миний амьдралыг хорлодог хэдэн өөдгүй амьтнаас өшөөгөө авнаа. Би буудахаас дараа нь амиа хорлохоос айж байна.... Өдөр бүр шоовдорлол, доромжлол... Бүр гэрт хүртэл дүүрчихсэн эцэг, дүүрчихсэн ихрийн өрөөсөн... Намайг бүгд үзэн яддаг, гэвч одоо бүгд намайг хайрлах болно” гэж Алина бичжээ. Сүүлийн удаа 12 сарын 6-нд охин өдрийн тэмдэглэлдээ аав буугаа буцааж гарааш руу аваачиж магадгүй гэж бичсэн байв.
Хөршүүд, танилуудын яриа: Шок. Сайхан гэр бүл, аав нь уудаггүй. Тэр өчигдөр төрсөн өдрөө тэмдэглэсэн юм. Аав нь төрсөн өдрөөрөө хүртэл ганц хундага вино л уудаг, водка огт амсдаггүй. Өчигдөр түүний найзууд баяр хүргэсэн. Охины аав тамирчин, хамгаалалтын байгууллагад ажилладаг. Ээж нь их тайван хүн, ер нь түүн шиг амгалан тайван хүн би лав мэдэхгүй. Охид өөрсдөө ч тайван харагддаг, томчуудтай нийтэч харилцаатай. Ихрүүдийн хоорондын харилцаа ч сайхан. Хачин юм ажиглагдаагүй, дөлгөөхөн, тайван охид. Ер нь тэдний гэр бүлд ямар ч асуудал байхгүй. Тансаг биш ч дажгүй хангалуун амьдардаг. Гадаад явж амардаг улс.... Аав нь хааяа ан хийдэг, ангийн клубт бүртгэлтэй. Сүүлийн үед харин буугаа зарахаар зарлал гаргасан байсан. Гэвч зарж амжаагүй. Буу эзэмших зөвшөөрөлтэй, сейфэндээ хадгалдаг.
Алинагийн анги удирдсан багш “Алина их дуугүй, зожиг. 2 сарын өмнө ангийнхаа зарим охинтой муудалцсан. Тэд нь их хөдөлгөөнтэй, идэвхтэй охид. Би тэдэнд хоорондоо ярилцаж тохиролцож сурах хэрэгтэй гэж ойлгуулахыг оролдов. Дараа нь тэд хэвийн харилцдаг болсон мэт санагдсан. Тэр үед эцэг эхчүүдийг дуудаж уулзсан юм” гэж ярилаа.
“Буу зэвсгийг нь охин хулгайлж байхад мэдээгүй гэдэг бол муу эцэг гэсэн үг. Хэн яаж түүнийг туйлд нь хүртэл гомдоож шоовдорлож байгааг анзаараагүй бол муу эцэг эх”, “Сургуулийн хамгаалагч ажил үүрэгтээ хайнга хандсан, хүүхдүүд сургууль руу юу барьж орж буйг үл тоомсорлодог”, “Сургуулийн захирал, удирдах албаныхан яагаад хаалгандаа соронзон хүрээ тавиагүйг шалгах ёстой”, “Багш нар илүү анхаарал халамжтай, сонор сэрэмжтэй байж сурагчдыг сонсох хэрэгтэй. Гэвч цалин бага, ажлын ачаалал их, тайлан бичиг баримт гээд юу ч хайхардаггүй... Багш нар буллинг харсан ч ихэнхдээ ямар ч арга хэмжээ авдаггүй. Зарим нь бүр өөрсдөө сурагчдыг доромжилж гадуурхдаг”, “Эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдтэй чин сэтгэлээсээ ярилцдаггүй, тэдний сэтгэлийн үгийг сонсдоггүй. Хэрэв тэгж ярилцдаг байсан бол хүүхэд гуниг зовлон, аюул осол нүүрлэсэн үед буу зэвсгийг нь хулгайлж сургууль дээрээ авчрахгүй байлаа”, “Хөвгүүд биш ангийн охид нь буллинг хийдэг байсан”, “Багшийн цалинг нэмэх ёстой, тэгэхгүй бол багш мэргэжил үнэндээ ядуурал гуйранчлалын жишээ болж хувирчээ. Ядуурал бол хайхрамжгүй байдал, үл тоомсорлол”, “Нийгэм өөрөө хүүхдүүдийг ад чөтгөр болгож байна. Хүчирхийлэлд хүчирхийллээр хариулах ёстой гэж сургадаг” гэх зэргээр Оросын ХМХ бичжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Шоовдорлогдсон охин буутай ирж ангийнхнаа бууджээ
2023-12-08




АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.