"Украин улс цэрэг дайчилгааны сүүлчийн нөөц хүчээ шавхахаар шийджээ. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийг цэрэгт татаж байна. Өнөөдөр зарим нэг мэргэжлийн эмэгтэйчүүдийг цэрэгт татах нь тус оронд хэвийн үзэгдэл, эмч, сувилагч, радист.... зэрэг. Гэвч цэргийн хомсдолд орсон Украины эрх баригчид одоо тодорхой насны бүх эмэгтэйд зарлан дуудах бичиг гардуулж толгой дараалан цэрэгт дайчлах хуулийг албан ёсоор батлахаар төлөвлөж байна" хэмээн "Взгляд" бичжээ.
Испаний “El País” одоо дайны талбарт 61 мянган эмэгтэй тулалдаж байгаа гэж мэдээлэв. "Украинчууд одоо цэрэгт татагдахаас зугтааж байна. Сайн дураар дайнд явсан украин эрчүүдээс маш олон нь амь үрэгдсэн ба шархадсан, үлдсэн нь ядарч цуцжээ. Одоо байлдаж байгаа цэргүүдийн оронд дайны талбар луу очих ёстой эрчүүд эх орноосоо зугтааж байна.... Тус орны Засгийн газар ба Зэвсэгт хүчний ерөнхий командлал одоо цэргийн алба хаахаас зайлсхийсэн 27-60 насны мянга мянган эрчүүдийг олж цэрэгт дайчлахаар янз бүрийн арга хэмжээ авч эхэлжээ. Цэрэгт явахаас татгалзсан хүмүүст торгууль ногдуулах буюу 5 жил хүртэл хорих хууль энд хэрэгждэг.... Украины ерөнхий штаб хэдэн хүнийг цэрэгт татсаныг, нөөцөд хэд байгаа зэрэг мэдэллээ нууцалдаг. Зарим тоймчийн мэдээлснээр сүүлийн жилд л гэхэд 500 мянган эр, 61 мянган эмэгтэй дайнд явжээ.... Украины 70 мянган цэрэг амиа алдаж 120 мянга нь шархадсан гэж 8 сард “The New York Times” мэдээлсэн. Гэхдээ энд сүүлийн 3 сарын мэдээ ороогүй. Львов хотын Станислав “Асар олон украинчууд юуны төлөө амь үрэгдэв? 20км урагш ахих гэж тэр үү? Үнэхээр утгагүй” гэж хэлсэн” хэмээн тус нийтлэлд дурджээ.
“Украинд гэгээн цагаан өдөр гадаа яваа эрчүүдийг цэргийн эргүүлүүд хэмээх биерхүү хэдэн этгээд шууд хүчээр авч явж буй бичлэг интернэтээр түгж байна. Цэрэгт татаж байгаа аж. Баар, буудалд амарч байгаа хүмүүсийг ч ялгаагүй.... Уг нь арми зарлан дуудах хуудсыг хүчээр гардуулах эрхгүй, зөвхөн иргэний засаг захиргаа л түүнийг олгох эрх эдэлдэг... Уг нь армийн цалин улсын дунджаас өндөр, сард 750 -2500 евро. Гэвч зарим украинчууд гэнэт баривчлагдан дайнд явахаас айж бүр гудамжинд гарахаа ч больжээ.... Украин 18-65 насны эрчүүдийг улс орноос гарч явахыг хориглосон. Гэсэн ч зарим украинчууд 5,5 мянган доллар төлж Словакаар дамжин гадагшаа зугтааж байна” гэж "Телеграф" мэдээллээ.
#МЦогзолмаа орчуулав
Украин сүүлчийн нөөц –эмэгтэйчүүдээ дайнд илгээж эхэллээ
2023-12-11
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.