Хятад гүрний хүн амын тоо 2 жил дараалан буурлаа. “2023 онд Хятадын хүн ам 2,08 саяар цөөрсөн гэж тус орны Статистикийн удирдах газар мэдээлэв. Харин 2022 онд Хятадын хүн ам 850 мянгаар багассан, өөрөөр хэлбэл 1961 оноос хойш анх удаа ингэж цөөрсөн юм” хэмээн “Reuters” агентлаг дамжуулав. Хятадуудын тоо багассан гол шалтгаануудыг нэрлэвэл: төрөлт маш их буурсан, Цар тахлын үеийн хатуу хөл хориог цуцалсны дараа коронавирүсээр олон хүн нас барсан....
Хятадад 2023 онд нас баралт 6,6%-иар өсч 11,1 саяд хүрчээ, энэ бол 1974 оноос хойш нас баралт хамгийн дээд түвшинд хүрсэн тохиолдол. Энэ улсад 2023 онд төрөлт 5,7%-иар багасч 9,02 сая хүүхэд мэндэлсэн аж. Хятадад 1000 хүнд 6,39 төрөлт ногдох болжээ. Харьцуулахад, Японд 1000 хүнд 6,3 төрөлт ногддог, харин Өмнөд Солонгост 4,9.
Хөдөлмөрийн насны буюу 16-59 насны хятадууд нийт хүн амын 61,3%-г эзлэв, энэ бол 2022 онтой харьцуулахад 0,7% бага. Тус улсад 65-аас дээш насны 216,76 сая хүн бий, энэ бол 3,3%-иар нэмэгдсэн гэсэн үг. Хотуудад оршин суудаг хүний тоо 2023 онд 1,2% өсч 932,67 саяд хүрсэн бол хөдөө нутагт хүн амын тоо 2,8% багасч 477 сая болжээ. Хятад эрчүүдийн тоо 2023 онд 720,32 саяд хүрч 0,2%-иар буурсан. Харин эмэгтэйчүүдийн тоо 689,35 сая болж бас л буурсан, гэхдээ 0,04%.
Хятадын эрх баригчид 1980-2015 онд “Нэг хүүхэд –нэг өрх” бодлого явуулсны дүнд төрөлт сүүлийн хэдэн арван жилийн турш их доогуур байсан. Харин одоо эрх баригчид энэ хуулиа цуцалж 2-3 хүүхэдтэй болохыг хятадуудад зөвшөөрсөн ч хүн ам нь өсч өгөхгүй байгаа аж.
Нэмж өгүүлэхэд, “2050 он гэхэд Хятадын хүн ам 109 саяар багасна” гэж НҮБ-ын шинжээчид мэдэгдлээ.