“Украины төрөлтийн коэффициент өнөөдөр дэлхийд хамгийн бага түвшинд очжээ. Нөхөн үржихүйн насны 1 эмэгтэйд дунджаар 0,7 хүүхэд ногдож байна. Иймээс Украин улс оршин байх эсэх тухай асуудал босч ирлээ" хэмээн “Times” сонин бичжээ.Дашрамд дурдахад, хүн амын нөхөн үржихүй хэвийн үргэлжлэхийн тулд төрөлтийн коэффициент дор хаяж 1 эмэгтэйд 2,1 хүүхэд ногдохоор байх ёстой аж.
“Украин эрчүүдийн дундаж наслалт 57-58 нас болжээ. Энэ үзүүлэлтээр тус орны ард Африкийн 4 орон л жагсч байна. Тодруулбал, Лесото 55 нас, Төв Африкийн улс 55 нас, Чад 54 нас, Нигери 54 нас” гэж Птухийн нэрэмжит Хүн ам, нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал Элла Либанова ярилаа. Украины парламентын депутат, Үндэстний эрүүл мэндийн хорооны гишүүн Виктория Вагнер “2022 онд 195 мянган хүүхэд төрсөн, энэ нь 2021 онтой харьцуулахад гуравны нэгээр цөөн. Харин 2023 оны эхний хагаст 96755 хүүхэд мэндэллээ, тэдний 48,7% нь охин, харин 51,3% нь хүү" гэжээ.
Украины эдийн засагч Кущ энэ талаар “Манайд үндэсний сүйрэл нүүрлэлээ. Украинд 2017-2023 онд төрөлт 48% буурсан. Украин улсад өмнө нь жилд 364 мянган хүүхэд мэндэлдэг байлаа. Гэтэл одоо жилд 177 мянга орчим хүүхэд төрөх болжээ” гэж бичжээ.
#МЦогзолмаа орчуулав.