Цагаан сар буюу Хаврын баярын амралтын үеэр Хятадын кино урлаг бас нэг дээд амжилт тогтоосон тухай “Синьхуа” агентлаг мэдээлэв. Бямба гарагийн 13 цаг 50 минутын байдлаар авч үзвэл хятад киноны орлого 7,84 тэрбум юань давж (1,1тэрбум ам.доллар) өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад шинэ рекорд тогтоолоо.
2024 оны Хаврын баяраар өөр олон дээд амжилт бүртгэгдлээ, тухайлбал аялал жуулчлалын салбар. "Бээжин хот баярын амралтын 8 хоногт 17,5 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 37,4%-иар их байлаа. Энэ үеэр Бээжин хот 28,65 тэрбум юаний орлогыг жуулчдын хоол, зочид буудлын үнэ, шопинг, зугаа цэнгээний арга хэмжээ зэргээс олсон" хэмээн тус улсын Хотын соёл, аялал жуулчлалын удирдах газар мэдээлэв.
“Хаврын баяраар Шанхай хотод 16,75 сая гаруй жуулчин ирж тэдний оруулсан орлого 19,1 тэрбум юань давав. Баярын амралтын өдрүүдэд 200 гаруй музей, уран сайхны галерей, театрт олон тоглолт явагдаж үзэсгэлэн ажилласан. Түүнчлэн хотын олон номын сан, соёлын төв зэрэг байгууллага нийт 5400 гаруй арга хэмжээг онлайн ба офлайн хэлбэрээр зохион байгууллаа” хэмээн “Жэньминь Жибао” сонин бичжээ.
Түүнчлэн Шинжаан-Уйгарын автономт районаар 7,22 сая жуулчин аялж 7,4 тэрбум юаний орлого оруулжээ. Үүний тулд тус нутгийн эрх баригчид өвлийн спортын төрлөөр олон арга хэмжээ зохион байгуулсан юм байна. Мөн орон нутгийн музей, номын сан, соёлын төв, уран сайхны галерей бүгд ажиллаж 3178 арга хэмжээ зохион байгуулж 641,6 мянган хүнд үйлчилжээ. Харин Хятадын “мөсөн хот” Харбин 10,09 сая гаруй жуулчин хүлээн авч 16,42 тэрбум юаний орлого олсон ажээ.
Хятадад сүүлийн үед “Хөдөөгийн жуулчлал” их алдаршиж байгаа. Энэ жилийн Хаврын баяраар 2,17 сая жуулчин ийм аяллыг сонгож 224 сая юаний ашиг оруулжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Хятад кино Хаврын баяраар $1,1 тэрбумыг олжээ
2024-2-19
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.