Зам, тээврийн хөгжлийн яам нь салбарын тусгай зөвшөөрөл, өргөдөл гомдол, галт тэрэгний болон хот хоорондын автобусны билет, онгоцны тийз, салбарын шагнал зэрэг бүх үйлчилгээгээ үе шаттайгаар бүрэн цахимжуулж байна. Өнөөдөр /2022.12.09/ Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа агентлагуудын албан хаагчдад Зам, тээврийн салбарын нэгдсэн платформыг танилцууллаа.
Хамтын ажиллагааны хүрээнд тус платформыг хөгжүүлэгч Интерактив ХХК-ны төслийн менежер Х.Отгон-Эрдэнэ танилцуулга, мэдээлэл хүргэв.
Тус платформыг ашиглан албан хаагчид төлөвлөгөө гаргах, дата цуглуулах, боловсруулах, анализ хийх, хадгалах, хэвлэх зэрэг ажлыг гүйцэтгэх боломжтой. Давуу тал нь дата мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжиж, программистаас хамаарахгүйгээр өөрт хэрэгцээт статистик болон бүртгэлийнх маягтыг үүсгэн дата цуглуулах юм. Мөн салбарын хэмжээний нэгдсэн тайлан, түүхэн замнал, түүхэн товчоо зэргийг ном болгон хэвлэдэг байсан зардлыг хэмнэж цахим хэлбэрээр хүн бүрт хүртээмжтэй болно.
Үүний үр дүнд иргэдэд зам, тээврийн салбарын мэдээлэл нээлттэй, ил тод болж, хэрэгцээт мэдээллээ шуурхай авах боломж бүрдэх юм.