Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас авто замын боомтууд, ачаа тээврийн цаг үеийн асуудлаар тодрууллаа.
-Өнөөдрийн /2023.01.16/ байдлаар манай улсын хэдэн боомт хэвийн үйл ажиллагаатай байна вэ?
-БНХАУ-тай хиллэдэг авто замын Баянхошуу, Бичигт, Замын-Үүд, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Булган найман боомтоор тээвэрлэлт хийгдэж байгаа. Хавирга, Сүмбэр, Даян боомтууд одоогоор нээгдээгүй байна.
ОХУ-тай хиллэдэг хилийн боомтууд хоёр талын тохирсон цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллаж байгаа бөгөөд Алтанбулаг, Цагааннуур боомтуудаар зорчигчийн байнгын тээврийн үйлчилгээ явагдаж байгаа.
Замын-Үүд боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн нээсэн. Түүнээс гадна Гашуунсухайт, Булган боомтуудаар ачаа, зорчигч тээврийн хөдөлгөөн хэвийн горимд шилжсэн. Мөн 2023 оны нэгдүгээр сарын 19-ний өдрөөс Хавирга боомтыг нээх төлөвтэй байна.
-Тус боомтууд дахь зорчигч болон ачаа тээвэр, тээврийн үнийн талаар тодруулбал?
-Замын-Үүд боомтоор өдөрт 80-104 ачааны автомашин, том оврын 7-12 автобус 120-294 зорчигч БНХАУ-руу нэвтрэн тээвэрлэлт хийж байгаа. Харин экспортын 10-15 машин гарч байна. Тарифын хувьд Эрээнээс Замын-Үүд 24 тн буюу 63 м3 ачаа 7200-8100 юань буюу 3,609,550- 4,120,000 төг, Эрээнээс Улаанбаатар чиглэлд 6,700,000-8,240,000 төгрөгийн ханштай байна. Цар тахлын үетэй харьцуулбал ачаа, тээврийн үнэ буурах төлөвтэй байгаа.
Ханги боомтоор өдөрт 60-252 тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч, 4.380-18.400 тн нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийж байна. Үнэ тарифын хувьд Гаалийн хяналтын талбайгаас 1 тонн нүүрс 21.630 төг ханштай.
Бичигт боомтоор өдөрт 50-75 тээврийн хэрэгсэл нэвтрэн хилийн шугам дээр ачаа солилцох байдлаар 3.910-5.000 тн нүүрс болон уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хийж байна.
Гашуунсухайт боомтоор өдөрт нүүрс тээврийн 586-831 автомашинаар 73.000-103.000 тн нүүрс, 25-50 орчим автомашин 1.100-2.200 тн зэсийн баяжмал, импортын ачааны 8-17 автомашин хилээр нэвтрэн тээвэрлэлт хийж байна. Тарифын хувьд уртын тээвэрт тонн тутамд 56650 төг, богинын тээвэрт 146780 төгрөгийн ханштай.
Шивээхүрэн боомтоор өдөрт нүүрс тээврийн 135-288 орчим автомашин хилээр нэвтрэн 20.500-42.560 тн нүүрсний экспортын тээвэрлэлт хийж байна. Тарифын хувьд 1 тонн тутамд 36000 төгрөгийн ханштай. Одоогоор хилийн шугам дээр чингэлэг солилцож байгаа. Удахгүй хятадын тал руу жолооч нарыг нэвтрүүлнэ гэсэн албан мэдээтэй байна.
Баянхошуу боомтоор өдөрт 46-50 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч 11.900-12.100 баррель газрын тосыг хилийн шугам дээр чиргүүл солилцох байдлаар тээвэрлэлт хийж, Булган боомтоор мөн ачаа зорчигч тээвэрлэлт хэвийн горимд шилжсэн. Өдөрт 30-60 орчим тээврийн хэрэгсэл 3.750-4.400 тн нүүрсний тээвэрлэлт хийж байна.
Бургастай боомтоор өдөрт 10-60 орчим тээврийн хэрэгсэл 300-500 тн төмрийн хүдрийн тээвэрлэлт хийж байгаа.
-ОХУ-тай хиллэдэг боомтуудын тээврийн нөхцөл байдлын талаар?
-Алтанбулаг боомтоор өдөрт импортын 220,4-425,0 тн ачаатай 13-24 тээврийн хэрэгсэл, Цагааннуур боомтоор 20-25 тээврийн хэрэгсэл, Боршоо боомтоор 50-277,5 тн ачаа бүхий 6-12 орчим ачааны автомашин тус тус орж ирж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.