Францын Үндэсний ассамблей буюу парламентын депутатууд Тэтгэврийн хуульд оруулах өөрчлөлтийг авч хэлэлцэх үеэр тасартлаа ууж нэгдсэн хуралдаанаа тасалсан хэрэг гарчээ. Засгийн газрын санал болгосон Тэтгэврийн хуулийн шинэчлэлийг депутатууд 2 долоо хоногийн турш өдөржин шөнөжин авч хэлэлцэж байгаа аж. Мэдээж хүчтэй маргалдаж мэтгэлцэн бие биеэ доромжилж уурлан хилэгнэсээр ядарсан депутатууд стресс, алжаал ядаргаагаа тайлахаар шийдэв.
Бурбоны ордон буюу парламентын байранд 24 цагийн баар ажилладаг юм байна. Депутатууд тийшээ орж үдшийн 11 цагаас үүрийн 3 цаг хүртэл оргилуун дарс, шар айраг гээд согтууруулах ундаа ууж гарчээ. Сүүлдээ зөөгчид шалаар нэг тарж унасан депутатуудыг өргөж зөөсөн байна. Согтуу парламентчид мөн хогийн сав , хаа байгаа газраа бөөлжиж булайгаа дэлгэжээ. Үүнээс ч өмнө депутатууд бараг шөнө болгон ууж хэвшсэн тул баарын үйлчлэгчид өдөр бүр хогийн сав, жорлонгоо цэвэрлэх гэж хамаг хараал үгээ бардаг юм байна.
Депутатууд тэр шөнө 2 дээд амжилт тогтоов. Нэгт, сүүлийн хэдэн жил олоогүй ашиг орлогыг тус баар ганц шөнө хийжээ. Хоёрт, бааранд дусал ч алкоголь үлдсэнгүй, депутатууд бүгдийг ховх соржээ.
Энэ дуулианы дараа парламентын удирдлага цаашид тус баарны алкоголийн худалдаанд хязгаарлалт тогтоохоор төлөвлөж байна. Харин Францын ХМХ "Депутатуудыг архи уухыг хориглох тухай хууль гаргая" гэж уриалав. Зарим депутат өөрсдийгөө зөвтгөж “Манайх бол шөнө ч ялгаагүй ажилладаг Европын цорын ганц парламент. Энийг одоо болиулах ёстой. Зарим нь согтууруулах ундаа уудаг нь үнэн, яагаад гэвэл хэвийн бус хэмнэлээр ажилладаг” гэж мэдэгдсэн тухай "Le Parisien" бичжээ. Өөр нэг депутат “Огт уудаггүй хүмүүс хүртэл депутат болсны дараа архинд орсныг би мэднэ. Гэхдээ л энэ Тэтгэврийн хуулийн мэтгэлцээний үеэр арай дэндүүлчихлээ” хэмээн ярьсан талаар "Journal du Dimanche" дамжуулав.
Орчуулсан #МЦогзолмаа
Депутатууд Тэтгэврийн хуулиас болж тасартлаа ууж ажлаа таслав
2023-3-03
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.