Иран улсын өнцөг булан бүрд орших 10 гаруй хотод олон зуун сурагч охид нэгэн зэрэг бөөнөөр хордсон хэрэг гарчээ. "Үүнийг исламын гэмт бүлэглэлүүд үйлдсэн байх, тэд ийм байдлаар охид бүсгүйчүүдийн боловсрол эзэмшихэд саад болж тасалдуулахыг хүсч байна" гэж шинжээчид үзсэн тухай "REUTERS" агентлаг мэдээлэв. Талибууд өмнө нь сурагч охидыг ингэж хордуулсан хэрэг Афганистанд гарсан юм.
Охид хордсон тохиолдол өнгөрсөн оны 11 сард анх гарсан, одоо бүр олныг хамарчээ. Энэ улсад хөвгүүд, охид тус тусдаа сурдаг, гэтэл ийм хордлого зөвхөн охидын сургуульд гарсан, гарч байна. Хордлогын шинж тэмдгээс дурдвал: Хөл гар түр зуур мэдээгүй болох, толгой өвдөх, дотор муухайрах. Ихэнхийн хувьд эдгээр шинж тэмдэг аяндаа арилж байв. Гэсэн ч зарим сурагч, бас багш эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. "Эхлээд хачин үнэр үнэртсэн, яг өмхийрсөн жүрж шиг. Эсвэл хэт хурц үнэртэй ус мэт үнэр гарсан" хэмээн хүүхдүүд ярьсан. Мөн зарим гэрч "Хүүхдүүд бөөнөөр хордохын өмнө үл мэдэх этгээдүүд сургуулийн хашаа руу ямар нэг юм шидсэнийг харсан" гэж мэдүүлжээ.
Ираны эрх баригчид эхлээд "Санаатай хордуулсан гэх яриа үндэслэлгүй, баталгаагүй. Охид зүгээр сандарч тэвдсэн" гэж эрс няцааж.байв. Харин өнөөдөр зарим түшмэл "Сурагч охид руу санаатай халдсан бололтой” гэж хүлээн зөвшөөрчээ.
Нийслэл Тегеран хотод эцэг эхчүүд бямба гарагт цуглаж Боловсролын яамын гадаа жагсч эсэргүүцлээ илэрхийлэв. "Эрх баригчид асуудлыг нуун дарагдуулахыг оролдсон тул бид тэднийг буруутгаж байна. Хэрэв хүүхэд хордуулах ажиллагаа үргэлжилсээр байвал, буруутнууд зохих шийтгэлээ авахгүй бол бид өөрийн хүүхдүүдийг сургуулд явуулахаа болино" гэж тэд шаарджээ.
Орчуулсан #МЦогзолмаа
Ираны 10 хотын зуу зуун сурагч охидыг хордуулжээ
2023-3-06
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.