Хүний Эрхийн Үндэсний Комиссоос “Хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгаа”-ны тайлангийн үр дүнг танилцуулж, мэдээлэл хийх уулзалт Новотел зочид буудалд өнөөдөр болов.
Хөдөлмөр эрхлэх явцдаа бэлгийн мөлжлөгт өртсөн хүүхдүүд, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн хүүхдүүд, унаач хүүхдүүд болон хүүхэд ажиллаж болох ажлын байрны жагсаалт шинэчлэх асуудлаар мэдээлэл хийсэн юм.
Энэ үеэр гэрийн ажил болон өрхийн үйлдвэрлэлд хүүхдүүд хэдэн цаг зарцуулж буй талаар хуульч, судлаач Г.Түвшинжаргал танилцууллаа.
Тэрбээр "Хүмүүс ихэнхдээ цалин авдаг ажил хөдөлмөрийн талаар ярьдаг. Нөгөөтээгүүр хүүхдийн хөдөлмөр эрхлэлтэд гэрийн ажлыг давхар оруулах ёстой. Тиймээс хүүхдийн хөдөлмөрийн чанарын судалгааг хийхдээ гэрийн ажилд хэдэн цаг зарцуулж буйг асуумжийн арга болон онлайн ярилцлагаар судаллаа. Цалинтай ажил эрхэлдэг хэмээн хариулсан хүүхдүүд үүнийхээ зэрэгцээ гэрийн ажлыг хэрхэн хийж байгааг харахыг зорьсон. Үүнээс харахад гурав хүртэлх цагаар гэрийн ажил хийдэг маш олон хүүхэд байгаа юм" гэв.