Судлаачид дэлхийн 45 орны нийтийн тээврээр зорчих тасалбарын үнийг харьцуулжээ. Дубайн нийтийн тээврийн тасалбар дэлхийд хамгийн хямд бөгөөд бүтэн сар зорчиход дунджаар 350 дирхам буюу 95 ам.доллар төлдөг аж. Энэ мөнгө бол Арабын Нэгдсэн Эмир улсын сарын дундаж цалингийн 2,3%-тай тэнцдэг. Харин хамгийн хүртээмжтэй нийтийн тээвэртэй хотын жагсаалтыг Сан-Паоло, Стамбул, Торонто тэргүүлжээ. Сонирхуулахад, дэлхийн зарим оронд нийтийн тээвэр үнэ төлбөргүй, тухайлбал Таллинн, Люксембург, Валеттагийн оршин суугчид үнэгүй зорчдог юм байна.
Манай гарагийн хамгийн өндөр үнэтэй нийтийн тээвэртэй хот бол Английн Лондон, тэнд сард 271 доллараар зорчдог. Энэ үзүүлэлт Австралийн Мельбурнд 190 доллар, Ирландын Дублин хотод 166 доллар. Харин нэг удаагийн зорчих тасалбар Лондон, Цюрих, Осло хотод хамгийн өндөр үнэтэй.
Дубайн нийтийн тээвэр хямд боловч чанга, хатуу дүрэмтэй, өндөр торгуультай. Нийтийн тээвэрт гуйлга гуйх хориотой, мөн чихэвчгүйгээр чанга хөгжим сонсч бусдад таагүй байдал үүсгэх зэрэг яльгүй зөрчил гаргах бүрд зорчигчийг 100 -2000 дирхамаар торгодог. Нийтийн тээвэрт юм идэж уух, бохь зажлах, жирэмсэн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн суудалд суух, хөлөө суудал дээр тавих, гэрийн тэжээмэл амьтантай зорчих зэрэгт 100 дирхамаар торгоно. Тасалбаргүй зорчих, төлсөн тасалбарын маршрутын дагуу биш өөр бүсэд зорчих, Хянагчдад тасалбараа шалгуулахаас татгалзах, хугацаа дууссан билетээр зорчих, бусдын билет ашиглах, зорчих тасалбар дамлаж зарах, бараа сурталчлах, тамхи татах, шүлсээ хаях, хог тарих, ослын товчлуурыг дарж дүрсгүйтэх зэрэгт 200 дирхамын торгуультай. Нийтийн тээвэрт унтах 300 дирхам, архи авч явах 500 дирхам, хуурамч тасалбараар зорчих 500 дирхам, галт зэвсэг ба хутга мэс болон амархан шатах материал авч явах 1000 дирхам, бусдын өмчийг сүйтгэх 2000 дирхам.....
Орчуулсан #МЦогзолмаа
Дэлхийн хамгийн хямд нийтийн тээвэр Дубайд байдаг
2023-3-22
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.