Дэлхийн 3 удаагийн аварга, домогт хөлбөмбөгчин Пеле 82 настайдаа энэ хорвоог орхиж бурхан болжээ. Тэрээр 2021 оноос хойш хорт хавдраа эмчлүүлж байсан юм. Түүний жинхэнэ нэрийг Эдсон Арантис ду Насименту гэдэг. Пеле 17 настайдаа дэлхий дахиныг анх шуугиулсан билээ. 1958 онд Шведэд болсон ДАШТ дээр түүний сод авьяас, ур чадварыг бүгд үнэлж эхэлсэн. Харин Пеле 1962 онд 2 дахь удаагаа багийнхаа хамт дэлхийн аваргад түрүүлэхэд Европын алдартай клубууд "Реал", "Ювентус", "Манчестер Юнайтед" бүгд асар их мөнгө амлаж урьсан.
Гэвч Бразил улсын Засгийн газар “үндэсний баялаг –Пеле”-г гадагшаа гарахыг хориглосон юм. Иймээс Пеле 1974 он хүртэл “Сантос” мэргэжлийн клубтээ тоглож байлаа. Чухам түүний ачаар энэ клуб 6 удаа Бразилын аваргад түрүүлж бас Либертадоресын цом, Тивүүдийн цомыг тус бүр 2 удаа хүртжээ. ...Пеле 1975 анх удаа гадагшаа гарч Нью-Йоркт ирж тоглов. Түүний тоглолтын ачаар АНУ-д хөлбөмбөгийн фанатуудын тоо 10 дахин өссөн гэдэг....
1970 онд Пеле 31 настайдаа 3 дахь удаагаа ДАШТ-д түрүүлж алтан медаль авч бас “Шилдэг тоглогч”-оор шалгарав... Пеле үнэхээр гоц хүн, тэрбээр ДАШТ-д 4 удаа оролцож 14 тоглолтод 12 гоол оруулсан юм. Тэр ерөнхийдөө үндэсний багийн бүрэлдэхүүнд 92 удаа тоглож 77 удаа өрсөлдөгчийн хаалганд бөмбөг оруулжээ.
Хөлбөмбөгийн хаан Пелег “FIFA” XX зууны шилдэг хөлбөмбөгчнөөр, харин Олон улсын Олимпийн хороо түүнийг XX зууны шилдэг тамирнаар тодруулсан билээ. “Time” сэтгүүлийн шалгаруулалтаар Пеле энэ дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэг. Тэр бүү хэл дэлхийн хөлбөмбөгийн спортод мандсан ямар ч шинэ одыг заавал Пелетэй харьцуулдаг.
Пеле бол хүн төрөлхтөний түүхэнд мөнхрөх агуу, сод хүмүүсийн нэг. Түүний спорт болон дэлхий дахинд үзүүлсэн нөлөөг тоочиж баршгүй. Ганц жишээ: Түүний бичсэн “Би бол Пеле” гэсэн номыг уншихын тулд сая сая бразилчууд бичиг үсэг сурч эхэлжээ..... Сая сая хүмүүсийн шүтээн Пеле бол НҮБ, ЮНЕСКО-н Энхийн элч, Бразил улсын спортын сайд бөгөөд 2014 онд “Хүндэт алтан бөмбөг” хүртсэн хүн. ДАШТ-ий 3 алтан медальтай манай гарагийн цорын ганц хүн -Пелегийн дурсгалыг хүндэтгэн Бразил даяар 3 хоногийн гашуудал зарлав.