Хэтэрхий ухаантай Хиймэл оюунаас хүн төрөлхтөн “айж” эхэллээ. “Tesla”, "SpaceX" компаниудын тэргүүн Илон Маск, “Apple” корпорацийг үндэслэгчдийн нэг Стив Возняк, филантроп Эндрю Янг тэргүүтэй алдартнууд уриалга гаргаж ил захидал бичсэнийг “Future of Life” нийтэлжээ. “Pinterest”-н Эван Шарп, “Ripple”-н Крис Ларсен, “Stability AI”-н ерөнхий захирал Эмад Мостак, “DeepMind” компаний болон Харвард, Оксфорд, Кембрижийн их сургуулиудын судлаачид гээд хиймэл оюуны салбарын 1000 гаруй хүн тус захидалд гарын үсэг зурсан байв. “OpenAI-н GPT-4-өөс илүү хүчтэй Хиймэл оюунд суурилсан системийн сургалтыг нэн яаралтай, 6 сарын турш зогсоохыг уриалж байна..... Хэт ухаалаг Хиймэл оюуны зүгээс эдийн засгийн ба улстөрийн хямрал дэгдэхэд нөлөөлж нийгэм, соёл иргэншилд маань эрсдэл учруулж болзошгүй. Хүний бус оюун ухаан эцсийн бүлэгт тоогоор биднийг гүйцэн түрүүлж залилж мэхлэн бүр орлож болзошгүй. Иймээс түүнийг хөгжүүлэх шаардлагатай юу? Өөрийн соёл иргэншлийг хянах хяналтаа алдах хүртэл бид эрсдэл гаргах хэрэг байна уу? Хиймэл оюуны үр дүн эерэг бөгөөд эрсдэлийг удирдах боломжтой болсны дараа үргэлжлүүлэн боловсруулах ёстой” хэмээн захидалд дурджээ.