Киргизстан улсын Төрийн хэлийн хорооны дарга Каныбек Осмоналиев “Бид кирилл бичиг үсгээ сольж латинд шилжих асуудлыг авч үзэж байгаа, нилээд хэдэн хувилбар боловсруулсан. Одоо зөвхөн улстөрийн шийдвэр гарахыг хүлээж байна” гэж мэдэгдэв. Өмнө нь тус орны парламентын гишүүд Эмиль Токтошев, Камила Талиева нар мөн киргиз хэлийг латин үсэгтэй болгохыг уриалсан билээ. “Манай киргиз үгийг кириллээр буруу бичиж байна” гэж депутат Эмиль Токтошев чуулганы хуралдаан дээр шүүмжилжээ. Орос хэл бол Киргиз улсад албан ёсны төрийн хэл гэж тооцогддог. Энэ улс өнөөдөр кирилл бичиг үсгийг хэрэглэдэг, гэвч 1993 оноос хойш үүнийг өөрчлөх оролдлого нэг бус удаа гарсан юм.
ЗХУ задарсны дараа бүрэлдэхүүнд нь байсан хэдэн орон кирилл бичиг үсгээс татгалзахаар шийдсэн билээ. Одоогоор зөвхөн Азербайжан, Туркменистан 2 улс л бүрэн латинжсан. Узбекистан харин замын талд яваа гэж хэлж болно. Экс Ерөнхийлөгч Каримовын үед идэвхтэй урагшилж байсан шинэчлэл одоо Турктэй харилцаа муудсаны дараа бараг зогсчээ. Одоо Узбект 2 систем ашиглаж байна, 30-35 хүртэлх насныхан кирилл бичиг үсэг мэдэхгүй, харин ахмад үеийнхэн болохоор латиныг ойлгохгүй. Казахстан улс бүр Ерөнхийлөгч Назарбаевын үед кириллээс татгалзахаар шийдсэн. Гэвч энэ үйл явц удааширч 30 жил үргэлжилж байна. Харин өнгөрсөн 7 хоногт энэ орны өнөөгийн тэргүүн Касым-Жомарт Токаев кирилл бичиг үсэгт шилжих өөрчлөлтийг түр зогсоож Шинжлэх ухааны Академийн удирдлаган дор үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.
Тэр бүү хэл ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Татарстан улс бас латин хэлд шилжихээр аль 2000 онд шийдвэрлэсэн ч одоо хүртэл хэрэгжээгүй.
#МЦогзолмаа орчуулав
Киргиз латин бичиг үсэгт шилжих 3 хувилбар боловсруулжээ
2023-4-19
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.