Испани улсад ган гачиг болсны улмаас оливын тосны үнэ түүхэнд байгаагүй ихээр өссөн тухай “The Financial Times” сонин бичжээ. Өнгөрсөн оны 6 сараас хойш оливын тосны үнэ 60% нэмэгджээ. Энд одоо 1 кг оливын тосны үнэ 5,4 евро хүрсэн, харин экспортыг 2 дахин багасгажээ. “Испаний оливын тос үйлдвэрлэгчид 750 мянган тонн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд нийлүүлдэг. Одоо нөхцөл байдал маш хүнд байна. 2023 оны 3 сар энэ зуунд хамгийн хуурай гэж бүртгэгдсэн. 4 сар гарсан ч бороо хур орохгүй байгаа учраас шинэ ургац авах эсэх нь асуудалтай боллоо. Мэдээж оливын ургацыг 10 сард хураах ч бороо хурын хомсдолоос болж бага ургац авах шинжтэй” хэмээн салбарын мэргэжилтнүүд дүгнэж байна.
Энэ улс мөн үр тарианы ургац алдсан тухай “La Razon” сонины нийтлэлд дурджээ. “Испаний газар тариалангийн 60% орчим нь ган гачигт өртөөд байна. Бороо хур ороогүйн улмаас Гвадалквивирийн усан сангийн түвшин уналаа. Иймээс хэвийн хэмжээнд ашигладаг усны 12%-ийг л усалгаанд хэрэглэж байгаа. Ургац бага авах нь тодорхой болсон... Зарим нутагт улаанбуудай, арвайн ургац авч чадаагүй, жишээлбэл Андалуси, Эстремадура, Кастилия-Ла-Манча, Мурси. Одоогоор 3,5 сая тариалангийн талбай устсан. Түүнчлэн Арагон, Каталон, Кастили, Леонд их хуурай байгаа. Иймээс тоор, нектарин, чангаанз, интоорын ургац алдсан. Түүнээс гадна усан үзэм, шошийн тариалан ганд өртлөө” гэж Испаний фермер, малчдын нийгэмлэгийн (COAG) төлөөлөгч Андрес Гонгор мэдэгдлээ.
Өнөөдөр Испаний усан сангууд ердөө 50% дүүргэлттэй, усны нөөц нь 28,4 мянган гектолитр байна. Тус орны Засгийн газар одоо ган гачгийн асуудлыг чухалчлан авч үзэж байгаа, цаг уурын өөрчлөлтөд дүн шинжилгээ хийж улс орныхоо усны нөөцийг тодорхойлж байна. Хөдөө аж ахуй ба Загасны аж ахуй, Хүнсний н яамны нарийн бичиг Фернандо Миранда “Борооны хомсдолоос болж ургац алдсаны улмаас хүнсний зарим бүтээгдэхүүний үнэ өссөн. Дэлгүүр хоршоо гэхдээ ган гачгаар шалтаглан үнээ нэмж болохгүй” хэмээн мэдэгдэв.
Испаний ган гачгаас болж оливын тосны үнэ өсчээ
2023-4-25
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.