“Хөдөлмөрчдийн баяр энэ амралтын өдрөөр Францын иргэд дахин гудамжинд гарч жагслаа. Тэд 2 долоо хоногийн өмнө эрх баригчдын баталсан Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсээр байна. Жагсаал цуглаан эхлэх болон дуусах үед цагдаа ба жагсагчдын хооронд хатуухан мөргөлдөөн болов. 19 цагдаа шархадсан, 1 нь хүчтэй түлэгджээ. Жагсагчдаас 291 хүнийг баривчиллаа.... 5 сарын 1 ийнхүү эсэргүүцэл, дээрэм тонуул дунд өнгөрлөө... Үйлдвэрчний эвлэлүүд 2009 оноос хойш нэгдсэн жагсаал хийгээгүй, харин 4 сарын турш тэмцсэний эцэст одоо л эвсэн нэгдэж байна” хэмээн “TF1” телевиз мэдээллээ.
Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид Молотовын коктейль, чулуу, салют петард тэр бүү хэл алх гээд гартаа таарсан болгоныг цагдаа нар руу шидэж байлаа. Зарим нь дээрэм тонуул хийж олон авто машиныг шатаажээ. Олон байшин барилга (голдуу банк ба дэлгүүр) тэдний гарт өртөж зарим дэлгүүр хоршоо тоногдлоо. Лион хотод хүнсний дэлгүүр хоршоог тонож гудамжинд хог шатаан бэхлэлт босгож эхэлжээ, Нанте хотод Хотын зөвлөлийн зогсоолыг шатаалаа. Тэдний эсрэг цагдаа нар бороохой, усан буу, нулимс асгаруулах хий болон бусад тусгай хэрэгслээ ашиглаж, өөрсдөө хийгээс хамгаалах баг өмссөн байлаа.
“Франц даяар 782 мянган хүн 5 сарын 1-нд жагссан гэж Дотоод хэргийн яам мэдээлэв. Харин Үйлдвэрчний эвлэлийнхэн 2,3 сая хүн гудамжинд эсэргүүцлээ илэрхийлсэн гэж байна” хэмээн “TF1” телевиз дамжууллаа. Тус телевизийн сурвалжлагчид жагсагчдын санал бодлыг хүргэж байна: “Тэтгэврийн шинэчлэл бүгдэд маш чухал”, “Энэ өдөр бид ажил хөдөлмөрийн тухай ярьж байна. Ажлын тухай ярихдаа тэтгэврийн тухай ярихаас өөр аргагүй. Тэтгэврийн шинэчлэлийн асуудал бидэнд их чухал”, “Хуулийн 14 хоногийн өмнө баталсан ч тулаан дуусаагүй байна”, “Бид бууж өгөхгүй. Энэ бол сүүлчийн хэрэгсэл биш ээ”, “Бид Засгийн газар, Ерөнхийлөгчтэй санал нийлэхгүй гэдгээ харуулахыг хүссэн”, “Би анх удаа 5 сарын 1-нд жагсч байна. Арай дэндүү юм болж байна. Бид тийм ч олуулаа биш, гэхдээ бууж өгнө гэж байхгүй шүү”, “Би шинэ хуулийг зөвшөөрөхгүй гэдгээ харуулахаар ирсэн. Би нас залуу ч энэ асуудал надад ч хамаатай”.
...Нанте хотын гудамжинд илүү олон хүн жагсчээ, 4 сарын 13-ны өдөртэй харьцуулахад 10 мянган хүнээр нэмэгдсэн байна. Зарим нь амралын өдрийг ийнхүү ашиглажээ. Түүнчлэн Тулуз, Марсельд ч бас өмнөх жагсаалуудаас илүү олон хүн жагссан гэж эрх баригчид мэдээлэв. Бусад жижиг хотуудад мөн адил. Монбарын Кот-д'Орт 5000 оршин суугчтай, тэдний 1500 нь жагсаалд оролцжээ. Монбарын жагсагч “Өнөө өглөө бүгд жагсч байгаа. Энэ бол бүгд шинэ хуулийг эсэргүүцэж байгааг нотолж байна” гэсэн бол өөр нэг иргэн “Миний бодлоор бид гудамжинд гарч жагссанаар бүхнийг өөрчилж чадна”, “Монбарт төдийгүй бүхий л том хотод ийм жагсаал цуглаан болж байгаа” гэжээ.
“Францын эрх баригчид аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээг авсан эмх замбараагүй байдлаас сэргийлж чадсангүй. Францын шинэ хувьсгалыг дэгдээнэ гэж эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчид мэдэгдэж байна..... Ерөнхийлөгч Макроны дүрстэй мануухайг Страсбургт шатаасан. Сайд нарыг хаа яваа газарт нь францчууд хоосон сав суулга нүдэж угтаж байна” хэмээн “vesti” дамжууллаа. “Эцэг эх нь сайд, санхүүчид биш л бол залуусын амьдралын түвшин унаж байна. Залуус уурлан хилэгнэж байна, ард түмэн ч адилхан. Бид энэ Засгийн газарт санал бодлоо хүргэхийн тулд хатуу ширүүн алхам үйлдэл хийхэд бэлэн” гэж эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ярьжээ.
#МЦогзолмаа орчуулав
2,3 сая францчууд 5 сарын 1-нд эсэргүүцэж жагслаа
2023-5-02
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.