-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Уламжлал болгон жил бүр сүсэгтэн олондоо таны сар шинийн мэндчилгээг хүргэдэг болоод багагүй хугацаа өнгөрлөө. Уншигчид маань ч таны номлол сургаалийг ахуй амьдралдаа хэрэгжүүлж, хэвшүүлж ирсэн гэхэд болно. Асуултаа өнгөрч буй жилийнхээ ажлыг дүгнэж, ирж буй жилийнхээ өнгийг угтаж хийж хэрэгжүүлсэн ажил үйлсээ дүгнэж цэгнэдэг уламжлалаар эхлэх нь зүйтэй болов уу гэж санагдлаа. Сайн Номуун хийдийн хувьд ямар жил байсан бэ гэдгээс яриагаа эхлэх үү?
-За баярлалаа, Юун түрүүнд уншигч олон түмний мэдлэг оюунд тус нэмэр болж тэдний танин мэдэхүйг байнгын хэрэгцээт мэдээ мэдээллээр хангаж байдаг танай сониноор дамжуулан нийт уншигч, сүсэгтэн олон ард иргэддээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье ээ.
Улиран одож буй усан бар жил маань дэлхий нийт төдийгүй улс орон даяар тэмдэглэлт түүхэн үйл явдлуудаар дүүрэн жил болж өндөрлөж байна. Ялангуяа Монголчуудын хувьд дэлхий нийтэд дэгдсэн цар тахалын хүнд үеийг амжилттай даван туулж, төр засгаас улс орон, ард иргэдийн эдийн засаг, ахуй амьдралыг сэргээн дээшлүүлэх олон чухал арга хэмжээнүүдийн үндэс суурийг тавьсан шинэ сэргэн мандалын жил болж байгаагаараа онцлогтой жил болсон гэж харж байгаа. Бидний хувьд ч мөн ялгаагүй улиран одсон цаг хугацааны амаргүй он жилүүдэд буян номынхоо үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх тал дээр хичээж ажиллаж ирлээ.
-Энэ жилийн хувьд танд ямар байсан бэ. Бурхны шашны ойлголтын талаарх цуврал бүтээлээ олон нийтэд түгээсэн жил байсан гэж сонссон. Их энгийн байдлаар жирийн иргэдэд ойлгомжтой байдлаар туурвисан бүтээл болсон байна лээ. Номныхоо талаар танилцуулахгүй юу?
-Цар тахалыг даван туулж өнгөрөөсөн болон одоо туулж байгаа цаг үе бол үндсэндээ дэлхий нийт, хүн төрөлхтөнд тулгарсан хүнд бэрхшээл байсан хэдий ч үүнийгээ дагаад дэлхийн улс оронууд төдийгүй хүн төрөлхтөний амьдралын хэв маяг ахуй нөхцөл үзэл бодлын хандлаганд асар том өөрчлөлт авч ирсэн томоохон сорилт байсан гэж хэлж болно. Миний хувьд цар тахалын хөл хорио каринтины үед цаг хугацааг ашиглан олон жилийн өмнөх ном болгохоор бэлдэж бичиж байсан сургалт судалгаа, танин мэдэхүйн чиглэлийн бүтээлүүдээ эмхэтгэн нэгтгэж “Бурханы Шашин ба Танин Мэдэхүй” хэмээх гурван боть уншдаг, сонсдог ном бүтээл болгон хэвлүүлж олон нийтийн хүртээл болгосон нь усан бар жилд тохиосон оюуны томоохон бүтээл-хөрөнгө оруулалт юм. Энэхүү бүтээлүүдэд маань бурханы шашинтай холбогдол бүхий тайлал, тайлбар дээр суурилсан өнөөгийн хүмүүсийн мэдвэл зохих танин мэдэхүйн олон арван зүйлийг энгийн, ойлгомжтой хэлбэрээр тайлж тайлбарласан нэг ёсондоо бурханы шашны танин мэдэхүйн нэвтэрхий толь болсон гэж хэлж болно.
-Сайн Номуун хийдийн бас нэгэн онцлог бол түвд орноос хуврагууд ирж номын буян хийдэг. Сүсэгтэн олонд үнэхээр нь бурхан шашны газар ийм л байдаг юм болов уу гэдэг сэтгэгдлийг төрүүлдэг олон сайхан ажлуудынхаа зах зухаас сонирхуулахгүй юу?
-Сайн номуун хийдийн дэргэд 1998 онд шашны дунд сургууль үүсгэн байгууллагдаж сүм хийдэд шавилан суух хүсэл сонирхолтой хүүхдүүдэд шашны болон ерөнхий эрдмийн хичээлүүдийг хослуулан заадаг. Шашны мэдлэг боловсрол олгоход зориулж Энэтхэг дэх Гоман дацангаас гэвш лхарамба багш нар хүрэлцэн ирж шавь сурагчдад шашны боловсролын хичээл заан сургаж байна.Бид өмнө нь дан лам болох хүсэл сонирхолтой хүүхдүүдийг элсүүлэн авч сургадаг байсан бол дунд сургуулийн үйл ажиллагааг өргөжүүлэн Нийслэлийн Ерөнхий боловсролын “Чандмань-Эрдэнэ” сургууль болгон өөрчилж 2022-2023 оны хичээлийн жилд 1-12 дугаар ангидаа энгийн өсвөр насны хүүхдүүдийг элсүүлэн авч гадаад хэлийг гүнзгийрүүлэн зааж сургахаас гадна Монгол өв уламжлал,ёс заншлын хичээлийг орчин цагийн ерөнхий эрдмийн хичээлтэй хослуулан заан сургаж байна. Мөн шашны шавь сурагчид маань сургууль дотроо тусгайлсан бүлэг болон хичээллэдэг. Сүм хийд гэдэг бол хүний сэтгэлийг ариусгадаг ариуслын орон байх ёстой. Тийм учраас зориод ирсэн сүсэгтэн олон түмний ая тух ариун сүсэг бишрэлийг дээдлэн шашны уламжлалт ёс, хэв маягийг орчин үетэй хослуулан бий болгохыг зорьсон олон арван жилийн бие сэтгэлээ зориулсан ажил учраас аль болох өнгөтэй өөдтэй ариун дагшин орон хийд байхыг хичээж өнөөдрийг хүртэл амжилттай ажиллаж ирлээ.
-Мэдээж таньтай шинэ оны босгон дээр уулзаж байгаа учраас уншигчдынхаа сонирхдог зарим асуултад хариулт авах хэрэгтэй байх гэж бодлоо. Тухайлбал шинэ гарах жилийн өнгө төрхийн талаар та юу хэлэх бэ.
-Энэ гарч байгаа жилийн хувьд 17-р жараны “ ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГ” хэмээх Усан туулай жил юм. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн нь 2023 оны 02-р сарын 21-ны Ангараг буюу Мягмар гаригт Цагаан нохой өдөр тохиож байгаа.Жилийн ерөнхий шинж төлөв байдал нь хүмүүн төрөлхтөнд өлзийтэй сайн, адгуус малд ширүүн, ихэс дээдэс ноёд түшмэдэд хатуу ширүүн, хүмүүн хийгээд мал амьтадын үр төл арвин бус олноор эв найрамдалтай, хур бороо элбэг, ган гачиггүй, жимс ногоо, үр тариа элбэг арвидан дэлгэрэхээс гадна өвгөд хөгшдөд ээлтэй залууст ширүүн нялхаст маш хатуу хүмүүн хийгээд үхэр малын өвчин дэлгэрэх ч хор хөнөөл нь бага байхаар жилийн өнгө төлөв ерөнхийдөө иймэрхүү байхаар зурагдсныг манай зурхайчид зурхайдаа буулгасан байна лээ.
-Таны хувьд олон сайхан түүх хүүрнэдэг шүү дээ. Жишээ нь Туулай жилд ямар ямар сонин содон зүйлс дэлхийд болон манай улсад болж өнгөрсөн байдаг вэ?
-Улиран одсон олон зуун жилийн туулай жил бүхэн дэлхий нийт болон манай улсад өөр өөрийн түүхэн онцлог үйл явдлуудыг түүх болгон үлдээсэн нь ойлгомжтой. Монголчуудын хувьд өнгөрсөн зууны туулай жилд тохиож байсан түүхэн үйл явдал гэвэл Монгол, Орос, Хятад гурван улсын Хиагтын гэрээг 1915 оны модон туулай жил байгуулж байсан байна. Мөн 1939 оны шороон туулай жилд Хал голын дайн эхэлж туулай жилдээ дууссан. 1951 оны төмөр туулай жил Ардын хувьсгалын 30 жилийн түүхэн ой тохиож мөн энэ онд улс орныг үйлдвэржүүлэх түүхэн бодлого шийдвэрүүд гарч байсан гэх зэрэг тэмдэглэлт үйл явдлууд маш олон тохиож байжээ. 2023 оны усан туулай жил маань ч Монголчууд төдийгүй дэлхий нийт хүн төрөлхтөнд өгөөж хишиг буянаа хайрласан олон арван тэмдэглэлт үйл явдлуудаар дүүрэн жил болох байхаа гэж бодож байгаа.
-Зурхайн зурлагад Ирж буй үзэсгэлэн болгогч хэмээх Туулай жил ямар жилтэй хүмүүс онцгойлон засалтай хийгээд юун дээр анхаарвал зохилтой гэж гарсан байдаг бол?
-Ер нь сав хийгээд шим ертөнцөд оршигч амьтай бүхэн огторгуй, гал, ус, шороо, хий, гэсэн үндсэн таван махбодийн шүтэлцээ түүнээс хамаарах эрч хүчийн нэгдэлд суурилан оршин тогтнож байдаг. Тийм учраас гараг эрхэс, байгаль дэлхий цаг хугацааны хувьсан өөрчлөлт зэрэг олон талын нөхцөл шалтгаанаас улбаалан хувь хүмүүсийн бие эрүүл мэнд, ажил үйлс, зам мөрд харилцан адилгүй нөлөөллүүдийг үзүүлж байдаг. Тийм болохоор цаг хугацааны хувьсан өөрчлөлт шилжих мөчтэй уялдуулан засал номоо хийлгүүлж байх нь чухал. Энэ жилийн хувьд мэдээж 13,25,37,49,61,73,85 гэх мэт туулай жил орж мэнгэ голлож байгаа мөн суудал өнцөгдсөн, харш болон уравсан зэрэг нийтлэг засалтай хүмүүс анхаарах нь зохилтой.
-Засал хийлгэдэггүй хайхардаггүй хүмүүс байдаг. Жилийнхээ засал номыг хийлгэхгүй байснаараа ямар үр дагавартай вэ?
-Бурханы шашны сургаал номлол эш онол нь сэтгэлийг чухалчлан үзсэн байдаг. Бие хэл сэтгэлийн үйл нь хэдий чинээ зөв хандлагатай байна төдий чинээ эерэг үйлийг хувь хүнд бий болгож байдаг. Дээр миний хэлсэнчлэн хувь хүний ажил амьдрал зам мөрд тохиох цаг хугацааны сөрөг хандлагуудыг эерэг тал руу нь хандуулахын тулд хувь хүний өөрийн хандлага төдийгүй засал номын үзүүлэх нөлөө чухал онцлогтой байдаг.Тиймийн тул биеийн жаргалыг хүсвээс сэтгэлийн ариуслыг чухалчилж засал ном хийлгэх нь эерэг нөлөөтэй.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
За баярлалаа та бүгдийн ажилд амжилт хүсье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.