Америкт дахиад бөөн хүн буудсан хэрэг гарсан тухай "BBC News" мэдээллээ. Техас мужийн Даллас хотоос 32км зайтай Аллен хотын худалдааны төвд бямба гарагт 9 хүн буудуулж нас барсан, 7 хүн шархаджээ. “Буутай этгээд өөрөө хэргийн газар дээр буудуулж үхсэн. Одоогийн байдлаар түүнийг ганцаараа байсан гэсэн мэдээлэл бий” хэмээн Коллин тойргийн Шерифийн газар мэдэгдсэн. Шархадсан хүмүүсийн дунд 5 настай хүүхэд байгаа тухай орон нутгийн ХМХ мэдээлсэн бол Аллен хотын Цагдаагийн газрын дарга Брайан Харви “Худалдааны төвд нэг цагдаа буун дуу гарахыг сонсоод юу болохыг тодруулахаар гүйж очсон. Тэгээд буудалцаан эхэлж улмаар сэжигтэн этгээдийг буудан хороосон” хэмээжээ. “Зэвсэглэсэн этгээд шууд л дэргэдүүр нь өнгөрсөн хүмүүс рүү замбараагүй буудаж эхэлсэн” гэж гэрчүүд ярилаа. Өөр нэг гэрч “Буудагч этгээд тас хар хувцастай, өвч бүрэн зэвсэглэсэн байсан... “AR-15” винтовктой” гэсэн бол нөгөө нь “10 орчим удаа буун дуу гарахыг би сонссон, дараа нь дахиад 10-15 удаа буудсан. Тэр хав хар хувцастай, сум нэвтрэхгүй хантааз өмссөн байв. Тэр зүгээр л хүмүүс рүү буудсаар л байсан” гэжээ.
Аллен хотын Гал түймэртэй тэмцэх албаны дарга Жонатан Бойд “Худалдааны төвөөс олон зуун хүнийг яаралтай гаргаж аюулгүй газарт аваачсан. Амь үрэгдсэн хүмүүсийн зарим нь хүүхдүүд, ер нь 5-51 насныхан. Газар дээрээ 7 хүн өнгөрсөн (1 нь буудсан этгээд), 2 нь эмнэлэгт очоод нас барлаа. Шархадсан 7 хүний 3-ын бие хүндхэн байгаа” хэмээжээ. “Хэргийн газарт бичлэг хийсэн иргэд Холбооны мөрдөх товчоотой холбоо барьж авчирч өгнө үү. ХМТ-ы ажилтнууд баримт нотолгоо цуглуулж байгаа” гэсэн уриалгыг тус нутгийн Цагдаагийн газар гаргасан байна.
Аллен хотод 105 мянган хүн амьдардаг. Техаст 21 нас хүрсэн, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй бол гар бууг зөвшөөрдөг, тусгай зөвшөөрөлгүй. Иймээс эндхийн насанд хүрсэн хүмүүсийн дийлэнх нь буутай явдаг, тэр бүү хэл винтовк болон зарим бууны зөвшөөрөл авахад тавих хязгаарлалт маш цөөн. Техасын амбан захирагч Грег Эбботт “Үгээр илэрхийлшгүй эмгэнэлт явдал боллоо. Өөрийн зүгээс чадах бүх тусламжийг орон нутгийн эрх баригчдад үзүүлнэ” гэж мэдэгдэв.
“2023 он гарснаас хойш АНУ-д хүмүүсийг бөөнөөр буудсан ийм хэрэг 198 удаа гарчээ, хамгийн багаар бодоход. Энэ бол сүүлийн 7 жилд байгаагүй өндөр үзүүлэлт” хэмээн “Gun Violence Archive” ТББ-н мэдээллээ.
#МЦогзолмаа орчуулав.
АНУ-ын худалдааны төвд 9 хүн буудуулж өнгөрөв
2023-5-08
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.