Киргизстан улсын Жаргалан тосгонд хог хаягдлыг цуглуулж ангилдаг төв нээгдэн ажиллаж байгаа тухай “NTD” мэдээллээ. “Хогийг ангилж цуглуулаад боловсруулж байгаа явдал олон талын ашиг тустай... Энэ бол үндэсний хөтөлбөрийн нэг хэсэг. Аялал жуулчлалыг тогтворжуулж хуванцар ба хүнсний хаягдлыг удирдан зохион байгуулах нь гадаадын аялагч жуулчдыг улам ихээр татах болно.... Жаргалан тосгон 7 жилийн өмнөөс жуулчид хүлээн авч эхэлсэн. Энд аялагч жуулчдад зориулсан 16 "зочны байшин" бий. 2022 онд Жаргалан тосгонд 8000 орчим аялагч жуулчин ирж амарсан” хэмээн Киргизийн эрх баригчид ярьжээ. “Бид хог хаягдлаа ангилж цуглуулан боловсруулж сурснаар өөрийн нутгийн байгалийн онгон дагшин байдлыг хэвээр хадгалах болно" хэмээн орон нутгийн иргэд ярьжээ. “Би үргэлж хог хаягдлаа ангилж ялгадаг. Шил, хуванцар, гялгар уутыг тусад нь цуглуулж харин үлдсэн хогоо шатаадаг. Ангилсан хогоо дараа нь бөөнд нь Каракол руу машинаараа аваачиж өгдөг байсан, тэнд хүлээн авах цэг ажилладаг. Өмнө нь би шатаах боломжгүй хог хаягдлыг хогийн цэг дээр хаядаг байсан бол одоо бүх зүйл өөрчлөгдлөө” хэмээн зочны байшингийн эзэгтэй Бермет Жапарова ярилаа. Айл өрх бүрийн гадаа ангилсан хог хийх контейнер байрлуулжээ. Контейнерүүд дүүрэхээр шахаж нягтруулаад хөрш Ак-Суу тосгон руу аваачдаг аж. Тэнд 2 жилийн өмнө хоёрдогч түүхий эдийг боловсруулах завод байгуулжээ.
Өөр нэг чухал төсөл бол Иссык-Куль нуурыг цэвэрлэх. Энэ үйл ажиллагаанд дайвер-сайн дурынхан оролцож нуурын ёроолоос лонх, лааз, хувцас хунар зэргийг цуглуулж байгаа аж. Тэд 9 жилийн хугацаанд энэ нуураас 20 тонн хог хаягдал гаргажээ. Төслийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр санхүүжүүлдэг юм байна.
Киргизийн тосгон хогоо ангилж боловсруулж байна
2023-5-24
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.