Арабын Нэгдсэн Эмир улс дахиад л дэлхий дахиныг гайхашруулахаар шийджээ. Биткоин ба түүнийг санаачилсан Сатоши Накамотод зориулан 40 давхар, өвөрмөц дизайнтай цамхгийг Дубайд барихаар төлөвлөжээ. “Бикоин цамхаг” бол буудалласан хүмүүс мөнгө олох боломжтой дэлхийн анхны зочид буудал байх юм. Та өрөөний төлбөрөө төлмөгц биткоинд автоматаар шилжиж шууд стейкинг-криптотүрийвчид хадгалагдана. Та зоосны өсөлтөөс ашиг авах тул буудлаас гарахдаа энд байсан бүх хугацааны төлбөрөө буцааж авахын зэрэгцээ аз дайрвал нэмээд мөнгөний түрийвчээ түнтийлгэнэ. Ямартай ч та юу ч алдахгүй. Тиймээс энэ асар том зочид буудалд буудалласан зочид гийчид мөнгөө өсгөн арвижуулаад гарна гэсэн үг. Түүнчлэн шинэ буудлыг Мета орчлонгийн элементтэй барих тул та энд виртуал зугаалга хийх боломжтой.
Биткоин цамхагийн өөр нэг онцлог бол энд буусан хүмүүс өөрийн NFT-токен бүтээх боломжтой. "Та өөрийн өрөөний эсвэл цамхгийн дизайныг бүхэлд нь бүтээ. Эдгээр токен нь “материаллаг, онцгой үнэт зүйлс” болж хувирна" гэж төслийн төлөөлөгчид амлаж байна. Тэд тун удахгүй төслийн дизайн ба барилгын ажил эхлэх өдрийг зарлана. Мэдээж биткоин цамхаг экологийн хувьд цэвэр. Ус ба байгалийн хий, тог цахилгаан зэрэг хангамжийн тусгай систем нь СО2-ын ялгарлыг тэглэх аж.