5 сарын 1-нд Колумб улсын ширэнгэн ойн дээгүүр нисч явсан жижиг онгоц осолдож сүйрсэн билээ. Осолдсон онгоцонд 8 хүн байсан: 3 том хүн ба 4 хүүхэд, бас нисгэгч. Хөнгөн мотортой, жижиг нисэх онгоц осолдсон газарт цэргийнхэн 14 хоногийн дараа очоод насанд хүрсэн хүмүүсийн шарилыг олжээ. Гэвч ч хүүхдүүд байгаагүй. Тэдний том нь 13 настай, тэгээд 9 ба 4 настай 2 хүүхэд, хамгийн бага нь 11 сартай. Колумб даяар тэдний хойноос залбирч амьд олдоосой гэж байв. Өргөн цар хүрээтэй хайгуул эхэлж орон нутгийн иргэд олноор оролцжээ.“Хүүхдүүд онгон зэрлэг байгальтай харьцаж сурсан учир амьд гарч чадна. Тэд бол уугуул индиан омгийнхон” гэж зарим нь мэдэгдэж байхад нөгөө хэсэг нь тэднийг зэрлэг амьтад барьж идсэн байх гэж байв.
6 сарын эхээр осол болсон газраас холгүйхэн хүүхдүүдийн ул мөр, хазсан жимс, сүүний үлдэгдэлтэй шилэн сав зэрэг эд юмс олджээ. Хүүхдүүдийн хамгийн том нь уитото хэмээх индиан омгийнх, иймээс амьд үлдсэн хүүхдүүдийг ахалж хүмүүсийг эрж хайж яваа байх гэж аврагчид таамаглаж байсан. Аврагчид өвөрмөц олон аргыг эрэл хайгуулдаа хэрэглэж эхлэв. Жишээ нь, онгоцноос хоол хүнстэй хайрцгийг шидэж бас алга болсон охидын эмээгийн хэлсэн үгийг чанга яригчаар цацаж байсан. “Та нар нэг газарт зогсч байх хэрэгтэй, тэгвэл аврагчид хурдан олно” гэж эмээ нь тэдэнд хандан уриалж байлаа.
Харин үүнээс 6 долоо хоногийн дараа Колумын Ерөнхийлөгч Густаво Петро нийгмийн сүлжээнд “Баярт мэдээг улс даяар дамжуулъя. 40 хоногийн өмнө ширэнгэн ойд сураггүй алга болсон 4 хүүхэд эсэн мэнд олдлоо... Тэд ийнхүү амьд үлдэж тэсвэр хатуужлын үлгэр дуурайлал болж түүхэнд мөнхөрлөө. Тэднийг эсэн мэнд олсон өдөр бол хамгийн баяр хөөртэй, ид шидийн өдөр” хэмээн мэдээллээ. Эрэл хайгуул 40 хоног үргэлжилсний эцэст 4 хүүхэд ширэнгэн ойд амьд олдсон мэдээ одоо дэлхийг шуугиулж үнэхээр гайхамшиг” гэгдэж байна. Тэднийг мөрч ноходтой цэргүүд олсон ба хүүхдүүдийг цэргийн онгоцоор нийслэл Богота хотод авч ирж эмч нар үзлэг хийв. Хүүхдүүд ангаж цангасан, шавьж хорхойд хазуулсан ч амь наснаас холуур, аюулгүй байлаа.
13-тай охин овоохой босгож жимс түүж тэднийг хооллож байжээ. Охид олдсоны дараа эмээ нь “Ач охидыг минь аварсан та бүгдэд маш их баярлаж талархаж байна. Бас эх болсон газар шороондоо баярлалаа. Байгаль ээж тэдэнд минь маниока, жимс өгчээ. Тэд өөрсдөө юу идэж болох болохгүйг мэддэг.... Ээжийгээ ажилд явах үед том ач охин маань дүү нараа хардаг байсан....” гэж ХМХ-д мэдэгдлээ.
Үргэлжлэл: https://www.massnews.mn/a/751
#МЦогзолмаа орчуулав.