Орос гүрний эрх баригчид 35 хүртэлх насны иргэдийнхээ орон сууц түрээслэх зардлын тал хувийг “дааж” тэтгэмж, мөнгөн тусламж үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа тухай “Известия” мэдээллээ. “Түрээсийн төлбөрийг хөнгөлөх энэ хөтөлбөрт хамрагдахын тулд залуус өөрсдөө бас мөнгөө хадгаламжид хуримтлуулж байх хэрэгтэй. Энэ нь шинэ баригдаж буй орон сууцны хороололд байр ипотекоор худалдаж авах тэдний анхны хөрөнгө оруулалт болох юм. Өөрөөр хэлбэл, төр засаг түрээсийн байранд амьдрахад нь залууст мөнгөн тусламж үзүүлэхийн зэрэгцээ анхны хуримтлал бүрдүүлэхэд тусалж буй хэрэг.... Богино хугацаанд (1,5 жил ба дээш) өөрийн орон сууцанд зориулан мөнгө хуримтлуулах боломжийг залуучуудад олгож байна. Мөн залуусыг ирээдүйд зээл, ипотек авсны дараа үүргээ зохих ёсоор биелүүлэхэд сургаж байгаа гэж ойлгож болно” хэмээн Барилгын яамны Дэд сайд Никита Стасишин тайлбарлав. Харин Оросын Аж үйлдвэрлэл, худалдааны сайд Денис Мантуров “Түрээсний байранд хөнгөлөлт үзүүлэх хөтөлбөр ойрын 2 сарын хугацаанд багтан хэрэгжинэ. Түүнчлэн бид орон сууцаар хангах 4 хувилбарыг цэргийн үйлдвэрийн ажилчдад санал болгож байгаа. Хуучин байр түрээсэлбэл талыг төрөөс даах, мөн цэргийн үйлдвэрүүдийн ажилчдад зориулан баригдсан орон сууцыг түрээслүүлж төлбөрийн 50%-г хөнгөлөх, нийтийн байрыг төрийн татаасаар барьж ипотекоор өгөх гэх мэт” хэмээжээ. Төрийн Думын Барилга, орон сууцны хорооны гишүүн Александр Якубовский “Энэ маш чухал хөтөлбөр бөгөөд манай орны хүн амын өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Түүнчлэн залуу мэргэжилтнүүдийн амьдралын түвшнийг дээшлүүлнэ” хэмээн мэдэгдлээ.
Нэмж өгүүлэхэд, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин 2023 оны 2-р сард Холбооны зөвлөлд илтгэл тавихдаа цэргийн үйлдвэрийн ажилтнуудад орон сууцыг хөнгөлөлттэй түрээслүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэхийг санаачилсан нь ийнхүү хэрэгжиж эхэлжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Орос 35 хүртэлх насны залуусын орон сууцны түрээсийн талыг “даана”
2023-6-21
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.