67 сая хүн амтай Франц бол жуулчдын тоогоор дэлхийд тэргүүлдэг, энэ тал дээр бусад орныг ардаа хол орхижээ. Цар тахлаас өмнө энэ улс жилд бараг 90 сая жуулчин хүлээн авч байв. Зөвхөн Парис хотод жилд 40 сая жуулчин ирдэг. Франц мэдээж Цар тахлаар жуулчдаас жаахан амарсан. Тэр бүү хэл "ханаж цадсан" Засгийн газар одоо жуулчлалын бодлогоо өөрчлөхөөр шийджээ. “Ашиг бага оруулдаг жуулчдын тоог хязгаарлахыг хүсч байна. Яагаад гэвэл, жил бүр асар олон жуулчин ирж байгаль орчинд аюул учруулахын зэрэгцээ дэд бүцэд хэт их ачаалал өгч үнийн өсөлтийг (юуны өмнө үл хөдлөх хөрөнгө) гааруулдаг, орон нутгийн иргэдийн дургүйцлийг хүргэж байна... Ерөнхийдөө бид жуулчдын хэт их урсгалыг хүчрэхээ больсон" гэж Францын эрх баригчид мэдэгдэв. Товчхондоо францчууд жуулчдаас “залхаж ядарчээ”.
Гадаадын жуулчид уг нь энэ улсад асар их мөнгөө үрдэг, тодруулбал тэд л Францын ДНБ-ий 8%-г бүрдүүлж 3 сая хүнийг ажлын байраар хангадаг. Гэсэн ч Жуулчлалын салбар хариуцдаг Сайд-төлөөлөгч Оливия Грегуар “хэтэрсэн жуулчлал”-ын эсрэг тэмцлийн стратегиа танилцуулав. Эхний үед хэт огцом алхам хийхгүй, зүгээр л жуулчдын урсгалд дүн шинжилгээ хийж аялал жуулчлалын чиглэлийг дахин хуваарилах аж. Парис, Этрета, Сен-Тропе зэрэг алдартай газрууд энэ улсын 20%-г эзэлдэг боловч нийт жуулчдын 80% нь тийшээ очдог. Үүнийг өөрчлөх арга хэмжээг францчууд хэдийн авч эхэлжээ. Жишээ: Бреа арал энэ зун ердөө 4700 хүнийг хүлээн авна. Каланка үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн урьдчилан захиалга өгч орно, гэхдээ өдөрт 400 хүнээс хэтрэх ёсгүй....
Хачирхалтай мэт боловч, Франц эдгээр хязгаарлалт тавьсан хэрнээ ойрын 5 жилд жуулчлалын орлогыг ДНБ-ий 10%-д хүргэхээр төлөвлөжээ. "Өнөөгийн жуулчид их харамч болсон, тиймээс тусгай шүүлтүүрээр шүүж баян хүмүүсийг илүү олноор нэвтрүүлнэ. Үнэ ханшаа ч өсгөнө. Тэртэй тэргүй гадаадынхан өндөр үнэтэй байсан ч Парисыг үзэхээр ирдэг. Тэд манай элдэв эсэргүүцэл бослогыг ч үл тоож ядаргаатай залхам цагаачдыг ч үл хайхардаг" хэмээн Францын эрх баригчид мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Франц: Ашиггүй жуулчдыг цөөрүүлнэ
2023-6-22
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.