Английн ханхүү Харри өөрийн намтрыг бичиж “Нөөц хүн” гэдэг ном гаргасан биш дэлхий даяар шуугиан дэгдээлээ. Тэрбээр энэ номонд хааны ордны болон гэр бүлийн олон нууцыг дэлгэсэн. Тэр бүү хэл ханхүү өмнө нь Афганистанд алба хааж байхдаа 25 хүний амийг хороосон гэдгээ ч нуусангүй. Английн хаан III Чарльзын хүү Харри “Би тэднийг (амийг нь хороосон хүмүүсээ) хүн гэж тооцдоггүй, зүгээр л шатрын хөлгөөс авч хаясан “шатрын дүрсүүд” гэж үздэг. Би үүнээс таашаал аваагүй, гэхдээ ичгүүрийг мэдрээгүй” гэж номондоо бичжээ.
“Талибан хөдөлгөөний 25 дайчныг цааш харуулснаа илчилснээр ханхүү Харри өөрийн аюулгүй байдлаа золиосолж нуруун дээрээ “бай” зурчихлаа” хэмээн “Daily Mail” сонины нийтлэлд дурджээ. “Ханхүү Харри буюу герцог Сассекский цэргийн алба хашсан тухайгаа дэлгэрэнгүй ярьснаар хамт тулалдаж явсан нөхдөөсөө урвалаа. Английн хааны ордон түүний аюулгүй байдлын төлбөрийг хийхгүй гэсэн, яагаад гэвэл Харри хааны гэр бүлийн үүргээсээ сайн дураар татгалзсан билээ. Иймээс тэр “хөл рүүгээ өөрөө буудчихлаа”. Тэр ийнхүү өшөө авах хүсэлтэй хүмүүсийг өдөөн хатгасан, тэд түүнийг хөнөөх гэж оролдож магадгүй” хэмээн Английн армийн бэлтгэл хурандаа Ричард Кемп тайлбарлажээ.
Афганистанд хөл гаргүй болоод ирсэн тэнгисийн цэрэг Бен Макбин “Ханхүү Харри, би чамд хайртай. Гэхдээ чи амаа татах хэрэгтэй. Тэр одоо ямар хүмүүстэй харьцаад байна аа? Хэрэв тэд сайн хүмүүс байсан бол түүнд боль гэж зөвлөх байсан шүү дээ” гэж бичжээ. Харин Босни дахь Английн армийн экс командлагч, хурандаа, Консерватив намаас парламентад сууж буй Боб Стюарт “Тэр яагаад ингээд байгааг би ихэд гайхаж байна. Үнэхээр ой гутам, өөдгүй, гунигтай үйлдэл.... Жинхэнэ цэргүүд ийм сэдвээр ярихаас зайлсхийдэг. Миний мэддэг хүмүүс үүгээр гайхуулдаггүй. Харин ч тийм зүйл хийхээс өөр аргагүй байсандаа харамсдаг юм” хэмээжээ.
Ханхүү Харри Афганд 25 хүнийг цааш харуулжээ
2023-1-09
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.