“Парисын дагуу хот Нантерт өсвөр насны хүүхдийг цагдаа нар буудаж хөнөөсний дараа Францын олон хотод эмх замбараагүй байдал дэгдсэн. Энэ үймээн самууны үеэр 77 хүнийг баривчилсан тухай Парис хотын Цагдаагийн алба мэдээллээ” гэж “Figaro” сонин дамжууллаа. Мягмар гарагт авто зам дээр шалгалт хийж байсан цагдаа нар 17 настай хүүг буудан хороосны дараа "Тэр бидний шаардлагыг биелүүлэхээс татгалзсан" гэж тайлбарласан. “Тулуз хотод эсэргүүцэгчид тааралдсан бүхнээ шатааж цагдаа нар луу чулуу, арматур зэргийг шидэж байв. Хариуд нь цагдаагийнхан нулимс асгаруулах хий цацжээ”, “Лилла хотын захиргааны гадаа 100 гаруй хүмүүс цугларч юм хум шатааж хогийн савуудыг овоолж бэхлэлт босгон цагдаа руу чулуу шидэж байна. Энд хүчний байгууллагынхан нулимс асгаруулах хий ашиглав”, “Парисын зах хавиар энд тэнд эмх замбараагүй байдал хэвээр байна. Цагдаа нар гол хүчээ Нантер, О-де-Франст төвлөрүүлжээ”, “Эссоны Вири-Шатиьон коммунд жагсагчид автобус зэргийг шатааж байна” хэмээн ХМХ мэдээллээ.
Францын Үндэсний хурал ажлаа эхлэхдээ эмгэнэлийн 1 минут зарлав. Тус орны эрх баригчид “Ард иргэдэд хандаж тайвшрахыг уриалж байна. Энэ хэргийг шударгаар мөрдөхийг бид шаардана” гэжээ. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Энэ үнэхээр уучилшгүй, тайлбарлах аргагүй үйлдэл. Залуугийн үхлийг хэн ч зөвтгөхгүй” хэмээн мэдэгдэв. Тэрбээр хүүгийн ар гэрт очиж эмгэнэл илэрхийлэхийг Хот, орон сууцны асуудал эрхэлсэн сайд-төлөөлөгч Оливье Кляйнд даалгажээ. Ерөнхий сайд Элизабет Борн “Цагдаагийнхан хуулиас давсан алхам үйлдэл хийжээ” гэсэн бол Сайд нарын танхимын тэргүүн Оливье Веран “Талийгаачийн ар гэрт эмгэнэл илэрхийлье. Болсон явдалд Франц даяар цочирдсон” хэмээжээ.
Figaro: Францад эмх замбараагүй явдлын үеэр 77 хүнийг баривчлав
2023-6-29
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.