“Дубайн хүн ам 3,6 саяд хүрч 2023 оны эхний 6 сард л 50 мянга гаруйгаар нэмэгдэв. Энэ бол манай түүхэнд байгаагүй дээд амжилт” хэмээн Арабын Нэгдсэн Эмир улсын Дубай хотын Статистикийн газар мэдээллээ. 2023 оны эхээр Дубайд 3'550'400 хүн оршин сууж байсан бол 7 сарын 5-ны байдлаар 3'603'286 болж нэмэгдсэн. Сүүлийн ганц жилд Дубайд 89196, харин 1,5 жилд 124595 хүн нэмэгдлээ.
Хүн ам ийнхүү огцом өсч байгаа ч ажилгүйдлийн түвшин ердөө 0,5%. Коронавирүсийн Цар тахлын дараа буюу 2020 оны 2 сараас Дубайн хүн ам цөөрсөн ч одоо эрчтэй нэмэгдэж байгаа аж. Дубайд зохиогдсон “ЭКСПО” үзэсгэлэн, мөн нийгэм эдийн засгийн хэдэн дэвшилтэт өөрчлөлт үүнд ихээхэн нөлөөлсөн гэж судлаачид дүгнэжээ. Бүс нутгийн худалдаа, санхүү, аялал жуулчлал, авиацийн төв болсон энэ том хот 2021 оноос хойш олон мянган ажлын байрыг бий болгож дэлхийн өнцөг булан бүрээс нарийн мэргэжилтнүүдийг татан цугларуулж байна.
Сонирхуулахад, Дубайн хүн ам сүүлийн 70 жилд 165 дахин нэмэгджээ. 1950 онд Дубай ердөө загасчны тосгон байсан, тэр үед энэ эмир улсад ердөө 20 мянган хүн амьдардаг байв.... 1960 оноос хойш тооцвол хот суурин газрын барилгажилт 170 дахин өсчээ.
Харин 2040 он гэхэд Дубай хотод 5,8 сая хүн, Дубайн эмир улсад 7,8 сая хүн тав тухтай амьдрах болно гэж Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан тухай албаны хүмүүс ярилаа. Түүнчлэн тус төлөвлөгөөнд “Дубайн нийт нутгийн 60% “ногоорч”, наран шарлагын газар 40%-иар нэмэгдэнэ. Зочид буудал, жуулчлалын объектод зориулсан талбай 134%-иар ихэснэ. Нэмж 168 км2 газрыг худалдаа, арилжааны салбарт зориулан тохижуулна.... Ногоон амралтын бүсүүд 2 дахин нэмэглэж “ногоон гудам”-аар бизнесийн болон орон сууцны хороолол, үйлчилгээний төвүүдийг бүрэн холбож дуусна. Явган зорчигчид, дугуйтай хүмүүсийн хөдөлгөөнийг хөнгөвчилж хотын тээврийг эко болгоно... Боловсрол, эрүүл мэндийн байгууллагад зориулсан газрын хэмжээг 25% нэмэгдүүлнэ" хэмээн дурджээ. Энэ бол Дубайн түүхэнд 7 дахь Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө юм байна.
Нэмж өгүүлэхэд, 7 эмир улсаас бүрддэг АНЭУ-ын нийт хүн ам 10 сая болжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Дубайн хүн ам 3,6 саяд хүрчээ
2023-7-10
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.