ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ирээдүйн технологийн форумд оролцсоны дараа ХМХ-н төлөөлөгчидтэй уулзаж асуултад хариулав.
Асуулт: НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар Украинд амлалт өгсөн. Түүнээс гадна “Их 7”-н орнууд аюулгүй байдлын тунхаг гаргаж “Украинд шаардлагатай хэмжээгээр тусалж”, улмаар Парис алсын тусгалтай пуужин нийлүүлэхээр болов. Та энэ бүхнийг хэрхэн үнэлж байна? Орос бас Украины аюулгүй байдалд хэр ноцтой аюул учруулах вэ?
В.Путин: Украин хэрэв НАТО-д элсэх юм бол Орост мэдээж аюул учирна гэж бид нэг бус удаа ярьсан. Тэгээд ч энэ бол манайх Цэргийн тусгай ажиллагаа явуулсан болсон нэг шалтгаан. НАТО-д Украин багтсанаар аюулгүй байдал нь сайжрахгүй, харин ч даян дэлхийг илүү эмзэг болгож олон улсын тавцанд хурцадмал байдлыг нэмэгдүүлнэ. Ийм учраас энд ямар ч сайн юм олж харахгүй байна. Манайх байр сууриа аль хэдийн илэрхийлсэн, бүгд мэднэ.
Зэр зэвсэг, техникийн нийлүүлэлтийн тухайд гэвэл, тэд алсын зайны пуужинд их найдвар тавьж байна. Тэглээ гээд яахым? Ийм пуужин хор хөнөөл учруулах, тулааны талбарт тэднийг ашиглалаа гээд сүйдтэй юм болохгүй, онц өөрчлөлт гарахгүй. Гадаадын танкууд, явган цэргийн байлдааны машины тухайд ч байдал адилхан. Бид зөвхөн 7 сарын 4-нөөс 12-ны хооронд 111 танк, байлдааны машиныг устгалаа. Тэдний гуравны нэг нь гадаадынх, Леопард гэх мэт.
Танд гэж хэлэхэд, Украины цэргүүд бүр ийм танкуудыг жлоодохоос ч татгалздаг болсон. Яагаад гэвэл, тэд манайхны хувьд тэргүүн зэргийн бай, иймээс байлдаанд хамгийн түрүүнд устгадаг. Гадаадын танкууд, машинууд ч шатдаг, бүр Зөвлөлтийн үеийн “Т 72”-оос ч сайн шатдаг шүү. Тиймээс шинэ зэвсэг техник ирсэн ч тулааны талбарт юу ч өөрчилж чадахгүй, харин ч Украины нөхцөл байдлыг улам хүндрүүлж зөрчлийг даамжруулж үргэлжлүүлсээр байх болно. Зарим нь үүнийг л хүсдэг...
Аюулгүй байдлын тухайд гэвэл, ямар ч улс орон өөрийн аюулгүй байдлаа хангах эрхтэй. Энэ зорилгынхоо төлөө зөв гэж үзсэн аргаа сонгох эрхтэй. Гэхдээ ганц л хязгаарлалт бий. Нэг орны аюулгүй байдлыг хангахдаа өөр нэг улсад аюул учруулах ёсгүй. Иймээс бид энэ зарчмыг... тооцон үзнэ.... НАТО, “G7” иймэрхүү асуудлыг хэлэлцэхийг бид эсэргүүцэхгүй, гэхдээ ОХУ-ын аюулгүй байдал хангагдсан байх ёстой.