ОХУ-ын парламентын Доод танхим –Төрийн Дум “Боловсролын тухай” хуулиндаа залруулга оруулж баталжээ. Шинэ хуулийн дагуу сурагчид багаасаа нийтэд ашигтай хөдөлмөрт оролцох үүрэг хүлээв, энд мэдээж хүүхдүүдийн нас болон сэтгэл санаа, биеийн онцлогийг харгалзан үзэх аж.
Манай хойд хөрш ийнхүү өсвөр үеэ сурагчийн ширээний араас хөдөлмөрөөр хүмүүжүүлэх зарчмуудыг хуулиндаа оруулав. Тус улсын 5-11-р ангид одоо “Амьдрал ахуйн аюулгүй байдлын үндэс” хичээл заадаг юм байна. Одоо нэрийг нь өөрчилж “Эх орны аюулгүй байдал, хамгаалалтын үндэс” болгожээ. Оросууд түүнчлэн сурагчдын Мөнгөн медалиа буцааж сэргээв. “Сургалтад онцгой амжилт гаргасны төлөө” II зэргийн мөнгөн медалийг авахын тулд сурлагын дүн бараг бүгд “онц” байх ёстой, өөрөөр хэлбэл “сайн” дүн 2-оос цөөн.
Оросын Удмуртын депутатууд анх энэ хуулийг санаачилжээ. "Орчин үед сургуулиуд маань хүүхдийг бие хүн болгон цогцоор хүмүүжүүлж сургахын оронд зүгээр л боловсролын үйлчилгээ үзүүлдэг газар болж хувирсан", "Хөдөлмөрлөх дуртай, ажил хийж чаддаг хүүхдүүд л "том амьдрал"-д ажил мэргэжилдээ төдийгүй гэр бүл, нийгэмд хөлөө олж чаддаг", "Нийтэд ашигтай хөдөлмөр эрхлэх нь Дунд боловсролын сургалтын хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг боллоо. Сурагчид шинэ хуулинд заасны дагуу сургуулийн орчимд мод тарих, ангиа чимж янзлах, спортын болон хурлын танхимыг арга хэмжээнд бэлдэх, түүнчлэн номын сан ба музейд туслах зэрэг ажил хийх боломжтой. Гол онцлог нь сургуулийн захирал, удирдлага цаашид энэ тал дээр эцэг эхчүүдээс зөвшөөрөл авах шаардлагагүй" ,"Хүүхдүүд орчин үед хэрэглээний сэтгэлгээтэй болсон, үүнийг өөрчлөхөд Шинэ хууль тус болно... Сургуулийн дэргэдэх мужаан, слесарийн зэрэг анги, засварын газар, технопарк, хөдөлмөрийн отряд, зуны амралт-хөдөлмөрийн лагерь зэргийг сэргээхийг бид уриалж байна" хэмээн орос депутатууд мэдэгдлээ.
Харин Төрийн Думын тэргүүлэгч Вячеслав Володин “Одоогийн хуулиар багшдаа туслах, анги танхимаа цэвэрлэх зэргийг сурагчдад хориглодог. Гэтэл хөдөлмөрт дуртай болгох арга хэмжээг бүр сургуулий наснаас авах ёстой юм” хэмээн мэдэгдэв.
#МЦогзолмаа орчуулав.
Сурагчдыг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх тухай хуулийг ОХУ батлав
2023-7-21
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.