Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх сонсгол эхэллээ.
Хянан шалгах түр хорооны дарга Б.ЭНХБАЯР:
-Нотлох баримтыг шинжлэх судлах хурлыг гурван үе шаттайгаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Эхний сонсгол буюу нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Хөгжлийн банкнаас шууд олгосон 77 зээлийн зарцуулалтын байдлыг зээл тус бүрээр сонсч, энэ хүрээнд гаргасан шинжээчдийн дүгнэлтийг сонсч холбогдох гэрчүүдээс асуулт асуух хэлбэрээр зохион байгуулагдана.
Хоёр дах удаагийн сонсгол нь улсын төсөвт шилжүүлсэн 350 төсөл арга хэмжээний зарцуулалтыг танилцаж сонсоно.
Гурав дах удаагийн сонсголыг гуравдугаар сард, Хөгжлийн банкнаас арилжааны банк руу дамжуулан оруулсан 550 зээлийн зориулалтыг сонсч, улмаар дээрх гурван удаагийн дүнг нэгтгэн УИХ-ын хаврын чуулган буюу дөрөвдүгээр сард танилцуулна. Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах хурлаар дараах 11 зээлдэгчдтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судална.
- Бэрэн групп
- Зэст Өндөр ХХК
- Монгол мах экспо
- Монгол, эм импекс концерн
- Монгол драй милк
- Газимпорт ХХК
- Монлаа ХХК Вертекс майнингпартнер ХХК
- Айч эйнд айч ремикон ХХК
- Инсайд ХХК
- Импералгоулд майнинг ХХК
Дээрх дарааллаар нотлох баримтыг шинжлэн судална.
Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт хэрэгтэн биш гэдгийг тэмдэглэе. Гэм буруутныг зөвхөн шүүх тогтооно. Үндсэн хуульд зааснаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг байх үндсэн эрхтэйг нийт гэрчид урьдчилж сануулъя. Мөн таны энд хариулах хариулт шүүхэд нотлох баримтын шинжтэй үнэлэгдэнэ гэдгийг урьдчилж сануулъя. Гэрч хуульд заасан өөрийгөө өмгөөлүүлэх туслалцаа авах үндсэн эрхтэй.