УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.16/ хуралдаанаар "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцлээ. Тодруулбал, ОХУ-ын "Роснефть" компани, Монголын "Эрчис ойл" компанитай хамтран "Чингис хаан" онгоцны буудлыг түшиглэн хамтарсан компани байгуулахаар болж хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр байгуулсныг зөвшилцөхөөр УИХ-д оруулж ирснийг хэлэлцсэн юм. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл өглөө.
Тэрбээр "ОХУ-тай хамтарсан компани байгуулах асуудалд ямар ч дарамт шахалт байхгүй. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр. Өмнө нь 2018 онд төрийн дээд айлчлалын үеэр хэлэлцээр байгуулах санамж бичиг байгуулсан. Үүнээс хойш нэлээд хугацаанд судлагдаад явж байгаа асуудал. Ерөнхийдөө хоёр төрлийн хэлэлцээрийн тухай асуудал яригдаж байгаа. Нэгдүгээрт Монгол Улсад нефть бүтээгдэхүүн тогтвортой ханган нийлүүлэх хэлэлцээр, хоёрдугаарт агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээр байна. Монгол Улсын 2.6 сая тонн нефть бүтээгдэхүүний 97 хувь бидний нэрлэж заншсан АИ-82, АИ-90 дизель түлш, 2.6 хувь нь агаарын хөлгийн түлш байгаа. Тэгэхээр энэ хоёр хэлэлцээрийг хамтад нь байгуулах саналыг ОХУ-аас гаргасан. Бидний хувьд нэг сумаар хоёр туулай буудаад явж байна. Өөрөөр хэлбэл ОХУ-д ямар нэгэн асуудал үүслээ гэхэд тэнд энэ хэлэлцээр байгаа учраас экспортын хориг тавигдахгүй гэсэн үг. Монгол Улсад агаарын түлшний хэрэглээ сүүлийн жилүүдэд үсрэнгүй буюу гурав дахин нэмэгдсэн. 2021 онд 21 мянган тонн хэрэглэж байсан бол өнөөдөр 70 мянган тонн хэрэглээд явж байгаа.
Энэ утгаараа бид "Роснефть" компанийн 40 хувьтай, Монголын талын 60 хувьтай "Эрчис ойл "төрийн өмчийн агаарын түлш оруулж ирээд цэнэглэдэг компанийн доор хамтарсан компани байгуулах асуудал яригдаж байна.
Бид бүхэн компанийн хуулийг бүгдээрээ мэднэ. Монголын талын 60 хувийн оролцоотой компани учраас дийлэнх шийдвэр манай талын саналаар шийдэгдэнэ гэж ойлгож болно. Онгоцны түлшний үнэ нэмэгдэх тусам нислэгийн зардал өснө. Үүний ачаа хаана ирэх вэ гэвэл зорчигчдын нуруун дээр ирнэ. Тэгэхээр бид хугацаанд ханган нийлүүлэх асуудлыг ярьж байгаа. ОХУ-ын 40 хувь дотроо эргэлтийн хөрөнгө буюу өнөөдрийн байдлаар 70 мянга байгаа түлшийг нийлүүлэх байдлаар орж ирнэ. Үүн дээр тухайн онгоцыг цэнэглэх дэд бүтэц байгаа. Энэ дэд бүтэц дээр үүсэх ямар нэгэн засвар, сэлбэг хэрэгслийг хариуцна. "Эрчис ойл " компанийн мэдэлд байгаа агаарын хөлгийг цэнэглэх байгууламж буюу үл хөдлөх хөрөнгөөс ямар нэгэн хувь эзэмшихгүй. Хамтарсан компани энэ дэд бүтцийг түрээслэх байдлаар үйл ажиллагаа явуулна" гэлээ.