Белорусс улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко иргэний үнэмлэх олгох дүрэм журамд өөрчлөлт оруулж чангатгах тушаалд гарын үсэг зурлаа. Гадаад орнуудад амьдардаг Белоруссын иргэншилтэй иргэд паспортоо солиулах, шинээр авах зэрэг тохиолдолд шинэ дүрмийн дагуу заавал эх орондоо ирэх ёстой болжээ. Өмнө нь гадаадын орнууд дахь Элчин яам, төлөөлөгчийн газрууд паспорт бусад баримт бичгийг олгодог байсныг одоо цуцаллаа. Өөр нэг өөрчлөлт нь гэрээ хэлэлцээртэй холбоотой. Белоруссын иргэд гадаадад ямар ч гэрээ, хэлцээ хэлэлцээр хийх эрхгүй, тэд зөвхөн Белорусст ирж байгуулах үүрэгтэй. Гэрээ хэлэлцээрийг итгэмжлэлээр байгуулж болох ч тэр итгэмжлэлийг зөвхөн Белоруссын нутагт авсан байх ёстой.
“Гадаадад буй манай дипломат байгууллагууд цаашид бүх төрлийн паспорт, зарим баримт бичгийг олгохгүй, солихгүй, хугацааг сунгахгүй. Бусад оронд байнга оршин суудаг белоруссууд эх орондоо ирж хамгийн сүүлд бүртгэлтэй байсан оршин суух газартаа хандах ёстой. Түүнчлэн ГХЯ, Дотоод хэргийн удирдах газарт хандахыг зөвшөөрнө” хэмээн Белоруссын Гадаад харилцааны яам мэдэгджээ.
“Гадаад дахь белоруссууд одоо өөрсдийн өмч хөрөнгөө захиран зарцуулж чадахаа больсон. Мөн тэд төр засгийн аливаа үйл ажиллагаанд оролцохгүй, тэр бүү хэл гэр бүлтэй гэсэн лавлагаа ч авах аргагүй болжээ. Түүнээс гадна гадаадад төрсөн хүүхдүүд Белоруссын паспорт авч чадахгүй” хэмээн тус орны шинжээчид тайлбарлалаа. Харин Өрнөдийн ХМХ энэ талаар “Белоруссын эрх баригчид ийм байдлаар гадаад руу дүрвэсэн белоруссуудыг буцаан авч ирэх, эсвэл амьдралыг нь улам төвөгтэй болгохыг бодож олжээ. Ер нь гадаадад аж төрж буй Белоруссын иргэд үнэндээ иргэний эрхээ эдэлж чадахгүй төдийгүй төрийн өмгөөлөл хамгаалалтад найдалтгүй болжээ” хэмээн бичиж байна.
#МЦогзолмаа орчуулав.
Белорусс паспортын бодлогоо улам чангалав
2023-9-14
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.