Иран улсын депутатууд исламын хатуу чанд дресс кодыг зөрчсөн иргэдэд ногдуулах шийтгэлийг улам чангалж 10 хүртэл жил шоронд хорих хуулийг батлах гэж байна. Шинэ хуулийн дагуу иран охид 7 нас хүрээд л гивлүүр зүүх ёстой болжээ. Охид, эмэгтэйчүүд даруу төлөв хувцаслаж заавал үсээ далдалж гивлүүртэй явах ёстой. “Ил задгай хувцаслалтыг хориглох” тухай хуулийг зөрчсөн тохиолдолд ташуурдах, 360 сая ираны риал (8522 доллар) хүртэл мөнгөөр торгох, шилжих явах хөдөлгөөнийг хязгаарлах, интернэтэд орох эрхийг хасах, 10 хүртэл жил хорих ял ногдуулахаар шинэ хуулийн төсөлд дурджээ. Өмнө нь иймэрхүү зөрчил гаргавал 500 мянга хүртэл риалаар (12 доллар) торгож 2 сар хүртэл шоронд хорих ял ногдуулдаг байсан. Шинэ хуулийн төслийг одоо Ираны Үндсэн хуулийг сахиулагчдын зөвлөл авч хэлэлцэж дуусч байгаа.
НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Тюрк “Олон улсын хэм хэмжээ, эрх зүйг зөрчсөн энэхүү “луугийн” хуулийн төслийг Иран цуцлах ёстой” хэмээжээ. “Иран улсын парламент ийм харгис хатуу хуулийн төсөл дэвшүүлснийг эрс шүүмжилж үнэхээр их харамсч буйгаа илэрхийлж байна. Тухайн хуулийн төсөлд “нүцгэн, ил задгай хувцас”, “зүй бус, зохимжгүй хувцаслалт” зэрэг тодорхой бус, ойлгомжгүй ойлголтыг ашиглажээ.... Энэ бол хүнийг дорд үзэж хавчин гадуурхсан, залхаан цээрлүүлэх хуулийн төсөл. Эмэгтэйчүүд, хүүхдэд 2-р зэргийн иргэд мэт хандаж огт болохгүй. Эрх баригчид бүх иранчуудыг хүндэлж хамгаалан, тэдний эрхийг хэрэгжүүлэх ёстой. Дресс код зөрчсөн охид бүсгүйчүүдийг асар их мөнгөөр торгож мөн шоронд хорих хугацааг нэмсэн хуулийн төслөө батлахгүй байхыг уриалж байна” хэмээн НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газрын хэвлэлийн нарийн бичиг Равина Шамдасани мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Иран: Гивлүүргүй эмэгтэйг 10 жил хорино
2023-9-26
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.