Грек улс 7 хоногт 6 өдөр ажиллах хуулийг 2024 оны 7 сарын 1-нээс мөрдөж эхэлжээ. Эрх баригчид “Энэ бол манай ард иргэдийн хувьд илүү их ажиллаж нэмэлт мөнгө олох боломж” хэмээн мэдэгдэв. Харин Хөдөлмөрийн асуудлыг хариуцсан шинжээч Матина Триантафилли “ERT” телевизэд ярилцлага өгөхдөө “Шинэ хуулийг 24 цагийн турш ээлжээр ажилладаг компани холдинг, мөн хөдөлмөрийн тодорхой нөхцөлтэй бусад байгууллага заавал дагаж мөрдөх үүрэгтэй.... Ажлын 6 өдөрт шилжихийн тулд компани байгууллагууд урьчилж Грекийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамын “ERGANI-II” төрийн мэдээллийн системд хандах ёстой. Хамгийн гол нь компани, байгууллагууд нэмэлт ажил байгаа гэдгээ Хөдөлмөрийн хяналт шалгалтын газарт баталж энэ тухай өөрийн ажилтнуудад мэдээлэл өгнө. Ажлын 6 дахь өдөр 8 цагаас дээш хугацаагаар ажиллуулахыг хориглосон” хэмээжээ.
Ийнхүү Грек улс ажлын 6 өдөртэй Европын анхны орон боллоо. Гэхдээ шинэ хуулинд зааснаар зарим салбарын ажилтнууд заавал 6 өдөр ажиллах ёстой, татгалзах эрхгүй юм байна. Орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд, Татварын алба, Төрийн шуудан, Эрчим хүч ба Усан хангамжийн компаниуд, банк зэрэг хүн амд үйлчилгээ үзүүлдэг төрийн байгууллагууд ч ажлын 6 өдөр ажиллана.
Грекийн Үйлдвэрчний эвлэл энэ талаар “Амралтын болон баяр наадмын өдөр ажилласан тохиолдолд санхүү мөнгөөр урамшуулах боловч эцсийн бүлэгт ажилтнуудын ачаалал мэдэгдэхүйц нэмэгдлээ... Европын ихэнх орон 7 хоногийн ажлын өдрийг 4 болгож бууруулахыг эрмэлзэж байна. Гэтэл Грекийн эрх баригчид өөрийн хүн амын санал бодлыг сонсолгүй ажлын өдрийг 6 болгож нэмэгдүүлэхийг Ажил олгогч нарт зөвшөөрлөө” гэж шүүмжилжээ.
Ажлын 6 дахь өдөр ажилласан тохиолдолд цалинг 40% нэмэгдүүлж олгох юм байна. Харин энэ өдөр нь ням гараг эсвэл баярын өдөртэй давхацсан тохиолдолд өдрийн цалингийн 115% ба дээш мөнгийг нэмэлтээр олгох ёстой (ажлын 6 дахь өдөр 40%, нэмж ням ба баярын өдөр бол 75%). Түүнээс гадна шөнийн ээлжинд 25% хүртэл нэмэлт урамшуулалтай, иймээс нийт олгох мөнгөний хэмжээ 115% давж болох аж.
Өнөөдөр Грекийн ажилчид 7 хоногт 42,8 цаг ажиллаж байна, харьцуулахад Германд 40,4 цаг байдаг. Харин цалин хөлсний тухайд Грек улсын доод цалин 830 евро, энэ үзүүлэлтээр тус орон Европын холбоонд 15-р байранд жагсдаг. Профессор Арис Казакос “Ажлын 6 өдөртэй болсноор үйлдвэрлэлийн ослын тоо огцом нэмэгдэж болзошгүй. 2022 онд Грект 104 ажилтан ажлын байран дээрээ нас барсан, харин 2023 онд энэ тоо 179 болж нэмэгдлээ” хэмээн ярилаа.
"Грект амьдралын өртөг өндөр тул олон хүн 2 ажил давхар хийдэг. Хүн амын 27% орлогынхоо 40% гаруйг орон сууц түрээслэхэд зарцуулж байгаа Иймээс олон грекчүүд гадагшаа явж ажилладаг. Миконос, Санторини зэрэг арал дээр аялал жуулчлалын салбарын ажилтнууд 7 хоногийн 7 өдөр ажиллаж маш хүнд хэцүү нөхцөлд амьдардаг" хэмээн "Zarpanews" бичжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Грек ажлын 6 өдөртэй болов
2024-7-02
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.