Хятад гүрэн далай дээгүүр барьсан өндөр хурдны төмөр замаа ашиглалтад өглөө. Дэлхийд анхдагч энэхүү өндөр хурдны "далайн" төмөр зам бол Тайваний хоолойд орших Фужоу ба Сямынь гэсэн 2 хотыг холбожээ. Фужоу хот бол эдийн засгийн төв төдийгүй Фузянь мужийн нийслэл. Харин Сямынь хот бол Тайваний хоолой дахь том боомт билээ.
Энэ гайхамшигтай төмөр замаар галт тэрэг 350 км/цаг хурдалдаг, бараг нисдэг гэж болно. Өндөр хурдны төмөр замын нийт урт 277 км, үүнээс 19,9 км нь далай дээгүүр сүндэрлэсэн. “Фусин” хэмээх өндөр хурдны, "далайн" анхны галт тэрэг 9 сарын 28-ны өглөөний 9 цаг 15 минутад Фужоугоос хөдөлжээ. Тус галт тэрэг зөвхөн Фужоу, Путянь, Цюаньжоу, Сямэнь, Жанжоу хотод зогсч Фужоугаас Сямэнь хүртэл цаг хүрэхгүй ердөө 55 минут давхижээ. Өмнө нь энэ замыг хамгийн хурдандаа 1 цаг 20 минутад туулдаг байв. "Шинэ төмөр зам бол далайн хүчтэй шуурга, өндөр давалгаа, далайн гүн... далайн давслаг орчны зэврэлтийг тэсэн давах чадвартай. Инженерүүд мөн газар хөдлөлийн өндөр эрсдэлтэй нутгаар дайран өнгөрдөгийг тооцоолж барьсан" гэж Хятадын ХМХ бичжээ. Тус төмөр замын төсөл, барилгын ажлыг “China Railway Siyuan Survey and Design Group Co., Ltd” компани гүйцэтгэжээ.
Хамгийн сонирхолтой нь энэ төмөр замын 85% нь гүүр, хонгил. Тодруулбал, энд 84 гүүр болон 29 хонгил бий. Шинэ төмөр зам бол Цюаньчжоувань, Мэйчжоувань, Аньхайвань гээд далайн 3 буланг дайран өнгөрдөг. Өндөр хурдны төмөр замын төслийн хөрөнгө оруулалт 53 тэрбум юань (7,4 тэрбум доллар).
Хятад улсын өндөр хурдны төмөр замын урт 2023 оны эхээр 42 мянган км байсан, хятадууд энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг. Харин 350 км/цаг хурдтай галт тэрэг давхидаг төмөр замын урт нь 3200 км.
#МЦогзолмаа орчуулав.
Хятадууд далай дээр барьсан өндөр хурдны төмөр замаа ашиглалтад оруулав
2023-9-29




АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.