Арабын Нэгдсэн Эмир улсын Дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд бөгөөд Дубайн удирдагч, шейх Мухаммед бен Рашид Аль Мактум анх эх орондоо хэрхэн, яаж аялал жуулчлалын эхлэлийг тавьсан тухай дурсамжаа хуваалцжээ. Тэрбээр 2006 онд Дубайн удирдагч болсон билээ.
“Манай улс дэлхийн аялал жуулчлалын шилдэг чиглэлийн нэг болж чадна гэсэн миний санаачилгад 40 гаруй жилийн өмнө надаас өөр хэн ч итгэхгүй байсан. Сайд нарын танхим ч ялгаагүй. Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн нэг хурал дээр би үг хэлэх боломж олгохыг хүссэн юм. Тэгэхэд би 30 настай, хамгийн залуу сайд байлаа. Персийн булангийн хотуудыг хөгжүүлж жуулчлалын хамгийн шилдэг чиглэл болгон хувиргахыг санал болгож байна, Дубайгаас эхэлье гэж би хэлэв. Энэ зоримог санаа ахмад настай сайд нарын анхаарлыг татсан, гэхдээ эерэг бус утгаар. Бүхний харц над руу чиглэж дув дуугүй болцгоов. Дараа нь нэг сайд инээд алдаж анир чимээгүй байдлыг эвдлээ. Тэгээд энд тэндээс асуултууд асгарсан: Дубай болон манай хотууд юугаа тэр жуулчдад санал болгох юм бэ? Элсэн цөлийг үү? Элс үү? Тэсэшгүй аагим халуун цаг агаараа юу? Хэт чийглэг уур амьсгал уу? Би тэдэнтэй маргаагүй, зүгээр л надад маш гунигтай байлаа. Бид яагаад өөрсдийн баялгаа илүү сайнаар ашиглаж болохгүй гэж? Бид яагаад өөрсдийн залууст итгэж найдаж болдоггүй юм бэ? Бид энэ дассан сурсан, нэгэн хэвийн байдлаас өөр зүйлсийг яагаад туршиж оролдож үзэж болохгүй гэж? хэмээн би өөрөөсөө асуусаар байлаа” гэж 74 настай шейх Мухаммед дурсав.
40 жилийн дараа түүний мөрөөдөл биелж бодит байдалд хэрэгжсэн. Шейх Мухаммед өөрийн эх орныг, Дубай хотыгоо дэлхийн хамгийн шилдэг нь болгож чадлаа.
АНЭУ өнөөдөр олон улсын жуулчлалын орлогоор дэлхийд 4-д жагсдаг. Зөвхөн өнгөрсөн жил тэд 224 тэрбум дирхам буюу 61 тэрбум доллар олж манай гарагийн аялал жуулчлалын тэргүүлэгч орнууд болох Франц, Итали, Турк, Германыг гүйцэн түрүүлжээ. Одоогийн байдлаар АНЭУ-ын өмнө 3-хан улс бичигддэг: АНУ, Испани, Англи.
Шейх Мухаммед одоо ч залуустаа итгэсэн хэвээр. “Улс орны ирээдүй залуусын гарт оршдог... Шинэ үеийн лидерүүдийг хүмүүжүүлэх нь миний тэргүүн зэргийн зорилтуудын нэг” гэж тэрбээр хэлэх дуртай.
#МЦогзолмаа орчуулав.
АНЭУ-д жуулчлал хөгжинө гэдэгт хэн ч, өөрсдөө ч итгээгүй
2023-10-12
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.