Италийн Ерөнхий сайд Жоржа Мелани бүдүүлэг, секс хошигнолоос болж гэр бүлээ цуцлуулахаар шийдсэнээ мэдэгдлээ. Үүний буруутан нь түүний нөхөр Андреа Жамбруно. Тэрбээр уг нь Италийн “Mediaset” телевизийн алдартай хөтлөгч байв. Гэвч Жамбруно ажлын байран дээрээ хамт ажилладаг бүсгүй болон бусад хүүхэнтэй сээтгэнэж элдэв заваан, бүдүүлэг хошин үгс чулуудаж байгаад "гардуулжээ". Хамгийн гол нь энэ бүхэн 10 сарын 18-нд телевизийн эфирээр шууд цацагдсан аж.
“Diario del giorno” нэвтрүүлгийг хөтөлж байхдаа Андреа Жамбруно зар сурталчилгааны завсарлагыг ашиглан хамтран хөтлөгч Вивиана Гульельми рүү байн байн нүдээ ирмэж аальгүйтэхийн зэрэгцээ түүн рүү болон эргэн тойрны бүсгүйчүүд рүү “секс” хошигнол ар араас нь шидэлжээ. “Чамтай ярьж байхдаа би хөлөн завсар дахиа барьж болох уу?”, “Манай бүлэгт нэгдэхийг хүсвэл эхлээд энгэр зөрүүлэх ёстой шүү”, “Вивиана, чи сүй тавьсан билүү? Гурвуулаа сексдэх үү?” гэх зэргээр Андреа тасралтгүй "алиалж дүрсгүйтэж” буйг хэн нэг нь бичиж авсан ба “Striscia la Notizia” хошин нэвтрүүлгийн үеэр нийтэд цацчихжээ.
Италийн Ерөнхий сайд Жоржа Мелани энэ шившгийг тэвчиж чадсангүй, “Андреа бид хоёрын бараг 10 жилийн харилцаа үүгээр дууслаа. Цуг өнгөрүүлсэн сайхан жилүүдийн төлөө, хамтдаа туулсан саад бэрхшээлийн төлөө, мөн миний амьдралын хамаг утга учир -охин Жиневраг бэлэглэсний төлөө чамд талархаж байна. Бидний зам аль хэдийн салсан, одоо энэ шийдвэрийг гаргах цаг иржээ... Ар гэрийн асуудлыг далимдуулж надад цохилт өгч сулруулахыг хүсч буй хүмүүст анхааруулахад: Дусал ус хэдий чулууг хонхойлгож цоолохыг хүсдэг ч чулуу чулуугаараа, дусал ус усаараа л үлддэг...” гэж Ерөнхий сайд Жоржа Мелани нийгмийн сүлжээн дэх аккуантдаа бичжээ. Тэдний охин 7 настай юм байна. Уг нь ЕС байнга нөхрөө өмөөрч бусдаас хаацайлж иржээ. Ганц жишээ: Жамбруно 9 сард “Эмэгтэйчүүд архи ууж болохгүй ээ, хүчиндүүлэх эрсдэлтэй” гэж мэдэгдэн бөөн шуугиан дэгдээсэн. Харин ЕС Мелани арай гэж нөхрөө цайруулж аварч гарсан билээ. Харин одоо Андреа Жамбруно. эхнэр ч үгүй, охин ч үгүй, нэрмээд бүр ажилгүй болжээ. Түүний нэвтрүүлгийг өөр хөтлөгч хөтөлж байгаа.
#МЦогзолмаа орчуулав.
Италийн ЕС балиар хошигнолоос болж нөхрөөсөө салав
2023-10-24

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.