Орос гүрний Ерөнхийлөгч Владимир Путин Олон нийтийн танхимын (ОНТ) шинэ гишүүдтэй уулзжээ. Олон нийтийн танхим гэдэг нь ОХУ-ын 89 субъект, хотын захиргааны дэргэдэх байнгын ажиллагаатай зөвлөлдөх байгууллага бөгөөд иргэд энд сайн дурын үндсэн дээр ажилладаг юм байна. ОНТ-ыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг, гол үүрэг нь шат шатны төрийн байгууллагуудыг хянах.
Путин “Ард түмний Эв нэгдлийн баярын мэнд хүргэе. Энэ баярыг 400 жилийн өмнөх үйл явдалд зориулан санаачилсан. 400 жил гэдэг бол 5-9 үе.... Александр Невскийн үеийг эргэн дурсацгаая. Тэр Алтан Ордод очиж бөхөлзөн хаанчлах эрх, гэрэгэ авч байсан билээ. Энэ нь Өрнөдийн эсрэг сөрөн зогсоход Орост тус болж байв. Яагаад гэвэл, Алтан Орд харгис хэрцгий, бүдүүлэг авирладаг ч манай хэл соёл, уламжлал гээд хамгийн гол чухал зүйлсийг огт хөнддөггүй байлаа.... Гэтэл Өрнөдийн булаан эзлэгчид, түрэмгийлэгчид чухам тэр бүхнийг устгахыг зорьж ирсэн. Хэрэв хэл соёл, уламжлал, түүхийг нь баллаж устгавал тэр ард түмэн аажмаар мөхөж яг л хаврын оройтсон цас шиг үндэстэн угсаатны хувьд сүйрч сөнөж алга болно. Чухам үүний төлөө бид Александр Невскийг яг Гэгээнтэн мэт шүтэж хүндэлдэг. Тэр орос түмнийг, манай газар нутаг дээрх бусад ард түмнийг авч үлдэж хамгаалахын төлөө сэтгэлээ чилээж санаа тавьж байсан.... Өнөөдөр яг иймэрхүү үйл явдал өрнөж байна. Бид өөрсдийн ёс суртахууны үнэт зүйлс, өөрийн түүх болон хэл соёлыг хамгаалж Донбасс, Новоросси дахь ахан дүүстээ тусалж байгаа. Өнөөдрийн үйл явдлын гол түлхүүр үүнд л оршиж буй.... ОНТ сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчийн тэтгэмж 125 тэрбум рублийг янз бүрийн чиглэлд зарцуулж 15 сая иргэний амьдралыг өөрчилж чадлаа” гэж мэдэгдлээ.
Тэрбээр дараа нь гишүүдийн асуултанд хариулахдаа “Цагаан Оросын үед Украин гэж улс байгаагүй, эзэнт гүрний бүрэлдэхүүнд ч байгаагүй. Польшийн бүрэлдэхүүнд байснаа украинчууд өөрсдөө сайн дураар Москвад, Оросын хаанд хандаж өргөдөл гаргаж дагаар орсон юм. 16-р зууны үеэс. Тэгэхэд Украины хязгаарт ердөө 3 муж багтаж байв: Киев ба Киевийн муж, Житомир, Чернигов. Ингээд л болоо. Манай архивт бүх баримт бичиг, нотолгоо хадгалагдаж байгаа. Харин дараа нь ЗХУ байгуулагдах үед асар том Украиныг байгуулсан. Оросын урд нутгуудыг аваачаад нэгтгэчихсэн. II Екатерина хатан хааны үед Османы эзэнт гүрэнтэй хийсэн цуврал дайны үр дүнд олж авсан бүх хотыг ч бас Украинтай нийлүүлсэн... Орчин үеийн Орос орон ЗХУ задарсны дараа энэ бүхэнтэй эвлэрч Украиныг хүлээн зөвшөөрсөн билээ. Гэтэл тэнд оросуудыг, орос гэсэн бүхнийг устгаж сөнөөж эхэлсэн, бас Донбасст. Өрнөдийн заавраар. Эцсийн бүлэгт бүр оросууд эндхийн уугуул иргэд биш гэж туусан. Арай дэндүү... Бидэнтэй Минскийн энхийн гэрээ гэж байгуулсан ч огт мөрдөөгүй. Нэрмээс болгож бүр энэ газар нутгийг НАТО-д оруулах гэж чичирсэн. Ичгүүр сонжуургүй, манай байр суурийг ч үл тоож... Орос гүрэн гэж огт байхгүй мэт авирлаж байлаа. Өнөөгийн зөрчлийн гол шалтгаан энэ. Ахан дүүсийн холбоот Украин маань хэрэв хэвийн харилцаатай байсан бол Крымыг буцааж авах санаа хэний ч толгойд орж ирэхгүй байсан юм. Ахан дүүс гэж би одоо хэлж буй нь учиртай, угсаатны хувьд үнэхээр тийм юм чинь. Хэрэв оросуудад, орос хэл ба соёлд хэвийн хандсан бол, хэрэв эдгээр төрийн эргэлт дараалан тэнд гараагүй бол Орост хэн ч Крымыг авъя гэхгүй байлаа... Оросуудыг өөдгүй нацистуудаас хамгаалах хэрэг гарсан юм. Бид өөр яах байсын? Донбасс, Новоросси ч ялгаагүй.... Манай Орост олон асуудал бий. Бид, ер нь дэлхий дахин тэр чигтээ авлигын эсрэг тэмцдэг. Гэхдээ л Украиных шиг авлига дэлхийд байхгүй. Би Украины экс удирдагчидтай тулж ажиллаж байсны хувьд баталгаатай хэлье. Хаа сайгүй мөнгө, мөрий, бооцоо.... Итгэмээргүй. Дэлхийн хаа ч ийм юм байхгүй. Дээд шүүхийн саналын эрх, Үндсэн хуулийн шүүх ч ялгаагүй. “Өө, энэ асуудлыг бид шийдчихнээ. Төдийг өгчих” гэж бүр Украины эрх баригчид өөрсдөө надад хэлж байсан. Би шоконд орж эрүү минь эгээтэй л мултарчихаагүй. “Танайд ийм дүрэмтэй юм уу?” гэж асуухад “Манайд ингэдэг юмаа” гэсэн шүү. Одоо Ойрхи Дорнодод Украины зэвсэг гарч ирлээ. Яагаад гэвэл, украинчууд зардаг. Талибуудад зардаг, тэндээс цаашаа хаашаа ч хамаагүй. Бүгдийг зардаг, бүгд зарагддаг. Украинд авлига бараг л хууль ёсных болчихсон. Америкчууд энэ авлигатай тэмцэх гэж оролддог ч бүтэлгүйтсээр. Ер нь тэд чадахгүй гэж би бодож байна. Тэд одоо Украины эдийн засаг, улстөрийн элитүүдийг өөрчлөхөөр төлөвлөж эхэлсэн. Бүх зүйл урьдынх шиг төгсөнө дөө.... Харин бид өөрсдийн төлөвлөгөөнөөс татгалзахгүй, нийгмийн салбарт ч тэр, мөн дэд бүтцийг хөгжүүлэх, аж үйлдвэрлэлийг дэмжих, аюулгүй байдал гээд бусад салбарт ч гэсэн. Шинэ газар нутгуудад ч асар их хөрөнгийг нэмэлтээр өгч байгаа... Олон нийтийн байгууллагуудын хяналт маш чухал, алхам үйлдэл бүрийг хянаж шалгаарай хэмээн би та нараас хүсч байна” хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Путин: Алтан Ордод бөхөлзөж гэрэгэ авч Өрнөдийн эсрэг сөрөн зогсч чадсан
2023-11-06
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.