БНХАУ-ын аж үйлдвэр хөгжлөө дагаад утааны асуудалд нэрвэгдэж, “савласан агаар” худалдан авах хэмжээнд хүрч байсан нь саяхан билээ. Тэр ч бүү хэл, олон улсын хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулахын тулд үйлдвэрүүдээ 14 хоног хааж, БНХАУ-ын дарга Си Зиньпин “Би өглөө сэрээд хамгийн түрүүнд Бээжингийн агаарын чанарыг шалгадаг” хэмээн хэлснийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэргүүн нүүрэндээ онцолж байсан удаатай. Тэгвэл энэхүү мэдэгдлийг хийсэн 2014 оноос хойш албан ёсоор агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг яаралтай эхлүүлж, ердөө есхөн жилийн дотор үр дүнг нь үзжээ.
Тухайлбал, хорт утаа ихээр ялгаруулдаг үйлдвэрүүдийг хаахаас эхлүүлээд агаарын бохирдлын эсрэг ажиллах цагдаагийн тусгай эргүүлийг гаргах, шинэ технологийн үйлдвэрүүдийг бүсчлэн байгуулах, насжилт өндөртэй машиныг замын хөдөлгөөнөөс хасах зэргээр олон арга хэмжээ авч чадсанаар утаанаас салжээ. Ингэснээр хамгийн их утаатай 10 улсын тооноос БНХАУ албан ёсоор хасагдсан байна. Тэд ердөө оновчтой менежмент, технологийн шийдлийг хослуулж, утаанаас салж чадсан нь энэ. Өөрөөр хэлбэл, технологийн шийдэл ашиглах буюу дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч цамхагийг Шаньси мужийн Шиань хотод барьсан байдаг. Тус цамхаг нь 100 метр өндөр “агаар цэвэршүүлэгч цамхаг” гэсэн үг.
Ингэснээр утаа 15 хувиар багассан гэх тоон мэдээлэл байгаа юм. Харин дараа нь агаар бохирдолд маш их хувь нэмэр үзүүлдэг 500 гаруй авто машины төрлийг ашиглах болох үйлдвэрлэхийг хориглох шийдвэр гаргасан нь оновчтой шийдэлд тооцогддог байна. Энэ мэтчилэн эрх баригчдын зүгээс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулаад зогсохгүй, дэлхийд агаарын чанараар тэргүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Цаашдаа замын хөдөлгөөнд цахилгаан болон холимог хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, бүх автомашиныг цахилгаан болгохоор зорьж ажиллаж байгаа аж. Мөн агаарын бохирдлоо бууруулахын тулд Наньжин дахь “Ой хот” төсөл эхлүүлж, орон сууц, зочид буудал, музей, сургуулийн зориулалтаар ашиглах 200 орчим “ногоон барилга”-ыг барьж, хотын агаарын бохирдол, утаа, тоосонцорыг багасгахаар төлөвлөн ажиллаж байна. Цаашилбал, нарын эрчим хүчний хамгийн том хөвөгч станцыг байгуулж, энгийн хэрэглээнд нэвтрүүлсэн зэрэг олон цогц арга туршлага, техник, технологийг ашигласан байх юм, Хятадын эрх баригчид.
Гэтэл бид коксжсон түлшийг хэрэглэхээс өөр сонголтгүй
Гэтэл манай улсын хувьд агаарын бохирдол ихтэй хотуудын тоонд багтах байтугай бараг манлайлж эхлээд байгаа нь үнэн. Угтаа бол өмнөд хөршийнхөө сайн технологи, нэвтрүүлсэн туршлагыг нутагшуулж, хэрэгжүүлж, бодит ажил болгож чадвал хорт утаа, агаарын бохирдлоосоо салах нь дамжиггүй. Өнгөрсөн олон арван жилийн турш олон янзын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ч өнөөдрийг хүртэл хүрсэн үр дүн нь бага, хэрэгжүүлсэн арга туршлага нь оновчтой байсангүй. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрснээс эхлээд зуух, яндангаа сольж, сайжруулсан шахмал түлш хүртлээ бид явж ирлээ. Энэ хугацаанд асар их хөрөнгө мөнгө зарцуулж, цаг хугацааг үдсэн ч утаанаасаа бүрэн байтугай хагас ч салж чадсангүй. Иргэд нь эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тиймээс бид урд хөршийн утаанаас салсан туршлага, технолги хоёрыг нэвтрүүлж, нутагшуулахад болохгүй зүйл огтоос үгүй билээ.
...Бид өнөөдөр утаанаасаа салах гэж байна гээд шууд насжилт өндөртэй машиныг халчихаж болохгүй. Бусдын эд хөрөнгөд халдах, цаашлаад хүний эрхийн асуудал хөндөгдөх нь тодорхой. Эсвэл бүхэл бүтэн аймгийг хангах хэмжээний нарны эх үүсвэртэй станц, асар том агаар цэвэршүүлэгч цамхаг, ойн төгөл зэргийг өнөөдөр шийдвэрлээд маргааш нь хэрэгжүүлж чадахгүй. Бидэнд тийм боломж, бололцоо нь ч үгүй юм. Энэ бүхнийг хийхэд хөрөнгө мөнгө, туршлага, технологи, боловсон хүчин зайлшгүй шаардлагатай. Гэвч бидэнд ганцхан шийдэл бий...
Тодорхой хэмжээний туршлага, нөөц бололцоо ч байгаа. Цаашилбал, амьдралд илүү ойр, хэрэгжүүлэхэд хамгийн дөхөм зүйл. Тэр бол хагас коксоор хийсэн түлшийг энгийн хэрэглээнд нэвтрүүлж, хорт утаанаас салах билээ. Тэгвэл нийгэмд дуулиан, шуугиан дагуулаад байсан хагас коксжсон түлшийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, тодорхой бүсүүдэд туршилт хийж, энгийн хэрэглээнд нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан байдаг. Энэхүү шийдвэр ирэх арванхоёрдугаар сарын 15-аас эхлэх бөгөөд 45 хоногийн турш айл өрхүүдийн хэрэглээнд нэвтэрнэ гэсэн үг юм. Ингэснээр хүссэн ч, эс хүссэн ч коксжсон түлшийг хэрэглэх нь тодорхой. Гэхдээ улс төр, нам, сонгууль ярихгүйгээр нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавьж байгаа л бол Монгол Улс коксжсон түлшийг энгийн хэрэглээнд заавал нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Тэгж байж Улаанбаатар утаанаасаа салах юм
Хагас коксын эргэн тойронд
Хагас коксоор хийсэн түлшээр галлагаа хийхэд зуух, яндан хайлна, угаартах эрсдэл их гэх зэргээр элдэв мэдээлэл цахим хуудаст хөвөрч байна билээ. Тэгвэл үйлдвэрийн аргаар гаргаж авсан, хагас коксжсон бүтээгдэхүүнд тийм эрсдэл байхгүйг энд дурдах байна.
Туршлага 1: Хагас коксыг түүхий нүүрснээс гарган авах бөгөөд үйлдвэрийн аргаар өндөр темпертурт шатааж авсан бүтээгдэхүүнийг хэлнэ. Тиймээс БНХАУ түүхий нүүрсийг хагас коксжуулж, энгийн хэрэглээнд нэвтрүүлж чаджээ. БНХАУ-ын Шань Ин мужид байрлах Сентай Нью шахмал түлшний үйлдвэр нь 2013 онд байгуулагдсан бөгөөд 100 гаруй хүнийг ажлын байраар хангадаг байна. Тус үйлдвэр нь хагас коксын шахмал түлш үйлдвэрлэдэг бөгөөд жилд 600 мянган тонныг энгийн хэрэглээнд нэвтрүүлж, зах зээлд нийлүүлдэг аж. Тус үйлдвэрийн ажил өдийд зогссон байдаг бөгөөд иргэдийн захиалгын дагуу нийлүүлэлтээ хийдэг. Тиймээс үйлдвэрийн ажил аравдугаар сараас эхэлдэг байна. Харин коксжсон түлш үйлдвэрлэхийн тулд шороо, барьцалдуулагч, хагас коксыг нийлүүлж, гурван төрлийн орцоор шахмал түлш үйлдвэрлэдэг аж. Коксжсон түлшнээс утаа гардаггүй бөгөөд угаартах тохиолдол өнөөг хүртэл бүртгэгдээгүй байна. Түүнээс гадна илчлэг өндөртэй тул дулаанаа удаан хадгалах, үнс бага гардаг ажээ. Нөгөөтэйгүүр, коксжсон шахмал түлшийг тусгай зориулалтын асаагчаар асаах бөгөөд тус үйлдвэр аргалаар зориулалтын асаагчийг үйлдвэрлэжээ. Мөн хийн газаар асааж болох аж.
Туршлага 2: Шэнмү энержи девелопмент үйлдвэр нь цогцолбор юм. Учир нь дэргэдээ химийн болон коксжсон түлшний цогцолбор үйлдвэр билээ. Тус үйлдвэр нь 14 жилийн туршлагатай бөгөөд коксоор хийсэн түлш утаагүй, илчлэг өндөр, асахад хялбар, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэх тайлбарыг өгч байв. Тус үйлдвэр нь жилдээ 800 мянган тонн хагас коксжсон түлшийг үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Туршлага 3: Ван зонг вэй еэ шахмал түлшний судалгаа үйлдвэрлэл, борлуулалтын үйлдвэр нь 1999 онд байгуулагдсан бөгөөд нүүрс, коксжсон шахмал түлш, хими, цахилгаан станц зэргээр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус үйлдвэр нь техник, технологиороо БНХАУ-д нэлээд дээгүүрт эрэмбэлэгддэг аж. Түүхий нүүрс угаах үйлдвэр нь 900 мянган тонны хүчин чадалтай. Энэхүү үйлдвэр нь 150 мянган тонны дөрвөн ширхэг зуухтай дөрвөн төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, коксжсон шахмал түлш, шорлогны түлш, давирхай зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлдэг байна. Гадны улс руу бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг гэж байлаа. Савлагааны хувьд манайх шиг 25 кг уутанд коксжсон шахмал түлшээ хийдэг аж. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдээс хамгийн эрэлт хэрэгцээтэй нь коксжсон болон шорлогны түлш байдаг байна. Утаа гарахгүй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй учраас ийнхүү эрэлт хэрэгцээ их байдаг ажээ.