АНУ-ын Нью-Йоркийн их сургуулийн дэргэдэх Лангоны анагаахын төвийн мэс засалчид дэлхийд анх удаа хүний нүдийг бүхлээр нь шилжүүлэн суулгасан тухай өчигдөр олон улсын ХМХ мэдээллээ. Өмнө нь эмч нар зөвхөн нүдний эвэрлэг бүрхүүлийг шилжүүлэн суулгаж чаддаг байжээ. 21 цаг үргэлжилсэн энэ мэс засалд 140 гаруй мэс засалч, сувилагч, эмнэлгийн бусад ажилтан оролцсон гэж "Reuters" агентлаг дамжуулав. Өвчтөнийг Аарон Жеймс гэдэг, Арканзасын 46 настай ахмад дайчин. Тэрбээр өндөр хүчдэлд цохиулж зүүн нүд болон хамар уруул, урд шүд, зүүн хацар, эрүүгээ гэмтээсэн юм байна. “Хүний нүдийг бүхлээр нь шилжүүлэн суулгах мэс заслыг 2023 оны 5 сарын 27-нд хийсэн. Өвчтөн энэ донор нүдээр харж чадах эсэх нь одоо тодорхойгүй, гэхдээ шилжүүлэн суулгасан эрхтэн маш сайн дасан зохицсон, эрүүл байна. Энэ бол том алхам. Мэс засалчдын энэ амжилтын ачаар нүдний хараа эмчлэх маш сайхан хэтийн төлөв нээгдлээ” гэж "NYU Langone Health"-н мэс заслын багийн удирдагч, мэс засалч Эдуардо Родригес ярилаа.