“Видео тоглоом ашиг тустай. Яагаад гэвэл, ийм тоглоом нь уураг тархийг хөгжүүлж танин мэдэхүйн чадварт эерэгээр нөлөөлдөг төдийгүй сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулдаг гэж эрдэмтэд дүгнэжээ” хэмээн “Translational Psychiatry” сэтгүүлийн нийтлэлд дурдсан байна.
Эрдэмтэд өөрийн туршилтад шизофрени өвчтэй 95 хүн, мөн эрүүл 82 хүнийг сайн дураар хамруулахад видео тоглоом илтэд эерэг үр дүн өгчээ. Оролцогчдыг санамсаргүй байдлаар 3 бүлэгт хуваав. Эхний бүлгийн хүмүүст “Super Mario 64” тоглоом зааж тоглууллаа. Энд үйл явдал 3 хэмжээст ертөнцөд өрнөдөг аж. Харин 2-р бүлгийн оролцогчид “New Super Mario Bros” 2D тоглоом тогложээ. 3-р бүлгийнхэн цахим ном уншиж байлаа. Бүх бүлэг 8 долоо хоногийн турш өдөр бүр 30 минутыг дээрх үйл ажиллагаанд зарцуулсан (нэг бол видео тоглоом тоглож эсвэл цахим ном уншсан). Эрдэмтэд туршилтын өмнө ба дараа сайн дурын оролцогчдын уураг тархины ажиллагааг соронзон –резонанст томографиар шалгажээ.
Гэтэл видео тоглоом тоглосон хүмүүсийн анхаарал мэдэгдэхүйц сайжран ой тогтоолт дээрдэж ямарваа үйл ажиллагаанаас цэнгэл таашаал авах мэдрэмж нэмэгдсэн, тэр бүү хэл урам зоригтой, өмнөө зорилттой амьдардаг болжээ. Мөн сэтгэцийн эрүүл мэнд бүхэлдээ сайжирсан байлаа.
“Видео тоглоомын зарим төрөл эрүүл хүмүүсийн уураг тархины ажиллагааг сайжруулахаас гадна тархины бүтцэд нөлөөлж байна. Ийм тоглоом бол тархины “шагналын систем”-ийг идэвхжүүлж нейронуудыг илүү уян хатан болгодог аж. Өөрөөр хэлбэл, та бидний уураг тархи нь мэдрэлийн эсүүдийн хооронд шинэ холбоог олноор, илүү сайнаар үүсгэн бүрдүүлдэг. Түүнчлэн видео тоглоомын ачаар сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст туслах боломжтой. Жишээ нь, шизофрени өвчтэй хүмүүсийн нейронуудын идэвхжил буурсан, мөн тархины уян хатан байдал хангалтгүй байдаг” гэж эрдэмтэд ярьжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Видео тоглоом уураг тархийг хөгжүүлдэг
2024-7-10
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.