Бангладеш улсын нийслэл хот Даккагийн захад орших аж үйлдвэрлэлийн төв Савар, Ашулид бэлэн хувцасны 130 фабрик ажлаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон тухай “Синьхуа” агентлаг дамжуулав. Эдгээр фабрикийн оёдолчид цалин нэмэхийг шаардаж ажил хаялт зарлажээ. Эсэргүүцлийн ажиллагаанаас болж энэ улсын 500 орчим фабрик хаагдсан тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.
Бангладешийн жилийн экспортын 85% нь нэхмэлийн салбарт ногддог, энэ салбар жил бүр 55 тэрбум долларыг төсөвт оруулдаг аж. Гэтэл ажилчдын цалин сард 75 орчим доллар юм байна. Засгийн газар ажилчдын шаардлагын хариуд цалинг 56% нэмэхийг санал болгов. Гэвч ажилчид цалинг 113 долларт хүргэх энэ саналыг хүлээж авсангүй. Тэд цалинг 209 доллар хүртэл нэмэхийг шаардан эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Ажилт хаялт зарим газар эмх замбараагүй байдал болж хувирсан төдийгүй Дакка хотын захад ажилчид ба цагдаагийнхны хооронд мөргөлдөөн дэгджээ. Эсэргүүцэгчид авто замыг хааж чулуу зэргээр зэвсэглэн үйлдвэр фабрик руу дайрсан байна. Хариуд нь цагдаа нар нулимс асгаруулах хий, чимээт гранат, резинэн сум ашиглажээ. "Бангладешийн эрх баригчид сая сая жагсагчдыг хөөж тараахын тулд армиа хотод оруулж ирсэн... 3 хүн амь үрэгдэж олон хүн шархаддаа, тэдний 8 нь цагдаа" хэмээн “New Age” зэрэг ХМХ мэдээлжээ.
“Бангладешийн эсэргүүцэл, ажил хаялтаас болж дэлхий дахинд жиинсэн хувцасны нийлүүлэлт тасарч болзошгүй. Улмаар Шинэ жилийн үеэр жиинсний үнэ 25-50% нэмэгдэнэ” гэж шинжээчид таамаглажээ. Ер нь энэ ажил хаялтаас болж брэнд хувцастай холбоотой том асуудал дэгдэх шинжтэй. Яагаад гэвэл Бангладеш бол “Calvin Klein”, “Wrangler”, “H&M”, “Target”, “Zara”, “Tesco”, “Marks & Spencer”, “Hugo Boss” зэрэг брэндийн гол үйлдвэрлэгч орон. Товчхондоо АНУ, Европын бүх дэлгүүр хоршооны тал нь эндээс бараагаа татдаг ажээ.
#МЦогзолмаа орчуулав.
Бангладешийн ажил хаялтаас болж жиинсний хомсдол үүснэ гэв
2023-11-13
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.