Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.07/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Шинжээчийн танилцуулснаар, ЭТТ ХК 799 тэрбум 131 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн зарласан байдаг. Тус тендер нийт гурван ч удаа зарлагдсаны эцэст Тавантолгой оператор түншлэл шалгарсан аж. Шинжээчийн дүгнэлтийн дараагаар тус түншлэлд оролцсон компаниудын эзэмшигчдийн хамаарлыг Түр хорооны дарга Б.Энхбаяр танилцуулсан юм. Энэ үеэр ЕТГ-ын дарга асан З.Энхболдын дүү З.Хишигтогтох, ҮАБЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан А.Гансүх, Ерөнхийлөгч асан Х.Баттулга ба түүний гурван хүүхдийн хувь эзэмшдэг компани, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн дүү Ш.Болдхуяг, ТЕГ-ын дарга асан Д.Гэрэлийн дүү Д.Амар нарын хувь эзэмшиж, үүсгэн байгуулж байсан компаниудын хамаарал тогтоогдсон талаар танилцуулсан юм.