Японы эрх баригч Либерал ардчилсан намын гишүүд авлига авсан хэрэг тус орныг донсолгож байна. Энэ бол талийгаач ЕС Шинзо Абэгийн нам билээ. Японы Ерөнхий сайд Фумио Кисида шийдмэг арга хэмжээ авч шууд 15 сайдаа огцруулахаар болжээ. Мөн Сайд нарын танхимыг бусад төлөөлөгчийг ч бас огцруулах гэнэ. Сайд нарын танхимийн генсек Хирокадзу Мацуно, Эдийн засаг ба худалдаа үйлдвэрийн сайд Ясутоси Нисимуру, Захиргааны асуудал хариуцсан сайд Зюндзи Сузуки, Хөдөө аж ахуйн сайд Итиро Мияситу гэх зэрэг. Мөн төрийн сайдууд, парламентын дэд сайдууд гээд 11 хүнийг ч огцруулах аж.
Тус намын нэр хүнд шалдаа унаж 22,5% болжээ. Иймээс намаа аврахын тулд нэмээд фракцийн улстөрийн зөвлийн тэргүүн Коити Хагиуду зэрэг намын ахмад гишүүдээ ч золиослох бололтой.
Тэр бүү хэл 66 настай Ерөнхий сайд өөрөө ч огцорч магадгүй нөхцөл байдал үүсчээ.
Авлигын хэргийн тухайд гэвэл, Японы улстөрчид сүүлийн үед хүлээн авалт, үдэшлэг зэрэг ёслолын үеэр цуглуулсан улстөрийн хандивыг хууль бусаар ашигласан аж. Ийм арга хэмжээний тасалбарын үнэ 136 доллар байдаг. Сонирхуулахад,зочдын тоог хатуу зааж өгдөг, хэрэв квотоос илүү тасалбар зарсан бол депутатууд өөрсдөө халаасалж болно. Гэхдээ ганц болзолтой, заавал татварын мэдүүлэгт тусгах ёстой. Гэтэл Либерал ардчилагчид энэ орлогоо Татварын албаас нуучихжээ.
Токио хотын Прокурорын газар “Зөвхөн сүүлийн 5 жилд Либерал ардчилсан нам 690 мянган долларыг Татварын албаас нуужээ. Энэ мөнгийг “саарал төсөв”-т хурааж улстөрийн нууц зорилгодоо ашигласан гэж сэжиглэж байна” хэмээн мэдэгджээ. Энд онцлон тэмдэглэхэд, Японы улстөрчид энэ мөнгийг ямартай ч хувьдаа аваагүй юм байна.
#МЦогзолмаа орчуулав.