“Коронавирүсийн SARS-CoV-2 хувилбар маш их өөрчлөгдөж “JN.1” болж хувиран дэлхийн олон оронд эрчимтэй тархаж байна. Энэ мутант хувилбар их халдвартай, “пирола” (BA.2.86)-с илүү халдвартай" гэж дэлхийн ХМХ бичиж эхэллээ. “2023 оны 7 сард омикроны нэг хувилбар “пирола” анх бүртгэгдсэн. Энэ штамм нь BA.2-той харьцуулахад 30 мутацитай тул хүн төрөлхтөний нэгэнт тогтсон дархлааг зарим талаар унагах байх гэж эмээж байв. Азаар тус штамм олон нийтэд онцгой эрсдэл учруулаагүй, мөн COVID-19-н эсрэг вакцин үр дүнтэй хэвээр байлаа” гэж АНУ-ын “CDC” мэдээлэв.
Харин одоо “JN.1” шинэ хувилбар бүртгэгдсэн тухай ДЭМБ мэдээллээ. "11 сарын эхээр ковидоор өвчлөгсдийн 10% орчим нь энэ хувилбараар халдварлаж байсан бол одоо зарим оронд дунджаар 43-50% хүрчээ. Иймээс түүнийг бие даасан, VOI хувилбар гэж үзэх шийдвэр гаргасан. Одоо бусад вирүс болон бактерийн халдварын дэгдэлт ихэсч байгаатай холбоотойгоор ялангуяа өвлийн улиралтай орнуудад JN.1 шинэ хувилбар нилээд тархаж болзошгүй... Ойрын хугацаанд энэ хувилбар дэлхийд давамгайлах магадлалтай” гэж ДЭМБ сэрэмжлүүлэв.
“JN.1” хувилбар өнөөдөр АНУ, Англи, Франц, Испанид өргөн тархаж байна. Тодруулбал Франц, Италид ковидтой хүмүүсийн 50% гаруй нь энэ хувилбараар халдварласан бол Сингапурт бүр 98% хүрлээ. "Олон нийтийн газарт заавал маск зүүх, өрөө тасалгаанд агаар салхи оруулах, гараа тогтмол угаах, грипп ба “COVID 19”-н эсрэг вакцин хийлгэх, өвчтэй хүмүүстэй хавьталд орсон бол шинжилгээ хийлгэх, өвчний шинж тэмдэг илэрвэл гэртээ байх ёстой" гэж эмч мэргэжилтнүүд зөвлөжээ.
ДЭМБ: Коронавирүсийн шинэ хувилбар “JN.1” тархаж байна
2023-12-26


АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.