Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гурван жилийн ой. Энэ хугацаанд түүний байгуулсан Засгийн газар эдийн засгийн хүнд үе, цар тахал, авлигал, хулгай зэргээс авхуулаад улс төрийн "өнцгөөс" томоохон сорилтуудтай нүүр тулж ажилласан гэдэгтэй олон нийт санал нийлэх байх. Шүүмжлэлтэй цуг алхаж яваа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өнгөрөгч гурван жилийн хугацаанд хийсэн голлох ажлуудыг тоймлон хүргэе.
Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй байдаг хойно. "Таавчигтай эмэгтэй"-н асуудлаар Ерөнхий сайдын ажлаа өгсөн одоогийн Ерөнхийлөгчийн дараагийн "үлдээсэн" хүн нь Л.Оюун-Эрдэнэ байв. Энэ цаг үеэс Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдсон түүнийг хэрхэн ажиллахыг олон нийт анхааралтай ажиглах болсон юм.
-14 "давхар дээлтэй" сайдтай Засгийн газар-
Засгийн газрын бүтцэд хоёр ч удаа өөрчлөлт орж байв. Тэр дундаа зарим салбарын сайд нарын томилогдож ажилласан хугацаа улс төр дэх "Геннисийн амжилт-ыг тогтоогоод амжсан. Ямартай ч түүхэндээ байгаагүй өргөн бүрэлдэхүүнийг Л.Оюун-Эрдэнэ бий болгож ажиллаж байна. Одоогоор Засгийн газрын бүтцэд 20 сайд сайдын алба хашиж байна. Үүнээс 14 нь давхар дээлтэй.
-Урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогуудыг батлуулав-
УИХ болон Монгол Улсын Засгийн газраас 2020 онд Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг баталж байв. Эл баримт бичгээр үндсэн гурван агуулгыг зорилт болгон дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, Үндэсний нэгдмэл бахархлыг сэргээж, хамтын үнэт зүйлс, тэмүүлэл, эх оронч үзэл, эв нэгдлийг бэхжүүлэх үе, үндэсний бахархлыг иргэн бүрийн үйл хэрэгт шингээж, түүнд тулгуурласан үндэсний эв нэгдлийг төлөвшүүлэх үе болон Төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгал, утга зохиол, урлагийн бүтээлээр үндэсний бахархал төлөвшиж, эв нэгдэл нягтрах үе хэмээн дурдсан байна. Харин дараагаар нь "Шинэ сэргэлтийн бодлого"-ыг батлуулсан ба энэ нь Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм.
-Бүс нутагтаа хөл хориог түрүүлж цуцалж, 2.2 сая иргэнээ дархлаажуулжээ-
Монгол Улсад цар тахлын үеийг гурван жилийн хугацаанд давж туулсан. Ингэхдээ халдварын оргил үед Засгийн газар шийдвэр гаргаж гадаадад байгаа иргэдээ татан авах болон вакцинжуулалтыг албан ёсоор эхлүүлсэн. Үүний дүнд хөл хориог Ази-Номхон далайн бүс нутагтаа анх цуцалсан улс орнуудын нэг болсон.
-111 удаагийн нислэгээр 56 мянган иргэнээ Монголд авч ирэв-
Цар тахлын үед шүүмжлэл дагуулсаар байсан ч манай улс иргэдээ татан авна гэх байр суурин дээрээ ба зогссон. Засгийн Газрын шийдвэрээр ЗТХЯ, ЭМЯ, ОБЕГ, ХХЕГ, МХЕГ, ХӨСҮТ, МИАТ, ЗӨСҮТ-тэй хамтран БНХАУ-ын Вухан хотоос Монгол улсын 31 иргэнийг тусгай үүргийн нислэгээр татан авах ажиллагааг 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулснаар гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагаа эхэлсэн байдаг.
-5Ш... ажиллагаа-
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас 2023-2024 оны Авлигатай тэмцэх жил болгож зарлаж, 5Ш ажиллагааг эхлүүлсэн байдаг. Тус ажиллагаануудын дүн онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаад хил гарч зугтсан этгээдүүдийг авч ирж шалгах, тусгай сан болоод нийслэл дэх газар олголт, төрийн өмчийн компаниудтай холбоотой мэдээллийг шилэн болгосон.
-Боловсролын зээлийн сангийн "хулгай" ил болж, хоёр хүн яллагдагчаар татагдаад байна-
Олон нийтийн шүүмжлэлд хамгийн их өртсөн сэдэв бол нүүрсний хэрэг нөгөө талдаа Боловсролын Зээлийн сангийн асуудал байлаа. Улс төрчдийн хамаарлыг олон нийтэд ил болгосноор асуудал улам өндрийг авсан байдаг. Энэ үүднээс Шилэн ажиллагааны хүрээнд тус зээлийн сангийн зээл олголттой холбоотой мэдээллүүдийг нээлттэй байршуулсан. Үргэлжлүүлэн тус хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаа Ерөнхий сайд мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10 холбогдогч, 2 яллагдагч татагдан шалгагдаж байгаа аж.
-11 "ШУВУУ"-г шилжүүлэн авав-
Тус "Шувуу" ажиллагааг анх одоогийн Хотын дарга Х.Нямбаатар хариуцаж байв. Эл ажиллагаа одоо ч үргэлжилж буй бөгөөд АТГ-аас өгсөн мэдээллээр, хэрэг хянан шийдвэрлэх явцад гадаад улс руу оргон зайлсан нэр бүхий 34 этгээдээс оршин суугаа хаяг нь тогтоогдсон 11 этгээдийг Монголд авч ирсэн. Ингэхдээ Солонгосоос 3, Хятадаас 2, Унгар, Турк, Филиппин, Австрали, Серби, Польш улсаас тус бүр нэг хүнийг шилжүүлэн авсан. Монголд ирээд буй "шувуудаас" хамгийн анхаарал татсан нь ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай билээ. Эргэн сануулахад, Т.Бадамжунай нь 2018 онд Замын-Үүд боомтоор эх орноосоо гарсан байдаг бөгөөд ийнхүү зургаан жилийн дараа ийнхүү шилжүүлэн авсан. Түүнд холбогдох хэрэг шүүхийн шатанд явна.
-"Модоо барих" шахсан Хөгжлийн банкаа босгов-
"Модоо барьсан" гэдэг шиг хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй байгуулагдсан Хөгжлийн банк "хулгай"-д идэгдсэн байсан болохыг олон нийт мэднэ. Харин энэ асуудал олон нийтэд ил болж, чанаргүй зээлдэгчдээс эргэн төлөлтийг шаардсанаар өнгөрсөн хугацаанд 1.6 их наяд төгрөгийг нөхөн төлүүлээд байна. Тодруулбал, банк чанаргүй зээлийн эргэн төлөлтөд онцгой анхааран ажилласны үр дүнд 2023 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 1.6 их наяд төгрөгийн зээлийн өр барагдуулав. Мөн 500.0 сая ам.долларын “Евро” бонд, 30.0 тэрбум иенийн “Самурай” бондын эргэн төлөлтийг хугацаанд нь төлж, нийт 2.9 их наяд төгрөгийн эх үүсвэрийн эргэн төлөлт хийж дефолтын эрсдэлийг хаав. Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг Moody’s B3 (тогтвортой), Fitch, S&P B (тогтвортой) түвшинд хэвээр үлдээлээ.
-Нүүрсний хулгайг ил болгож, 60 сая тонн нүүрс экспортлоно гэж зорив-
Нүүрсний хулгайг ил болгож, нүүрстэй холбоотой оффтейк гэрээнүүдийг ил болгов. Ингэснээр нүүрсний экспортын гарц нэмэгдэж түүхэнд байгаагүй хэмжээнд нүүрс гаргалаа. 2023 оны төгсгөл гэхэд 70 сая тонн нүүрс гаргаж түүхэн дээд хэмжээ тогтоов. Энэ нь өмнөх цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үеийнхээс 80 дахин өссөн үзүүлэлт юм. Тэгвэл эрх баригчид 2024 онд 60 сая тонн нүүрс экспорт хийнэ гэж энэ жилийн төсөвт төлөвлөөд байна.
-ҮХНӨ ба сонгуулийн тогтолцооны реформ-
Саяхан Үндсэн хуулийн өдөр тохиосон. Хэдийгээр Үндсэн хуульдаа ойр ойрхон хүрсэн гэх шүүмжлэлийг авсан ч улс төрийн хувьд зоригтой шийдэл гаргаж, бусад улс төрийн хүчнүүдээр дэмжүүлж чадсан. Ийнхүү сонгуулийн тоо, тогтолцоо болон давхар дээлтэй холбоотой өөрчлөлтүүдийг УИХ-аар батлуулав. Түүнчлэн оы төгсгөлд бүсчилсэн тойргийг хэлэлцэн батлаад буй билээ.
-Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэс үйлдвэрлэгч болох эхлэлийг тавив -
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто Группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар газрын гадаргаас 1.3 км дор байрлах Оюу толгойн гүний уурхайн олборлолтыг өнгөрөгч оны гуравдугаар сард эхлүүлсэн. Ерөнхий сайдын хувьд Оюутолгойн гэрээг шинэчлэх шаардлагатай талаар байр сууриа илэрхийлдэг байсан улс төрчдийн нэг бөгөөд тэрбээр энэ ажлаа ч Ерөнхий сайд хийх хугацаанд хийж амжлаа. Тус ил болон гүний уурхайгаас 2028-2036 оны хооронд жилд дунджаар 500,000 тонн зэс олборлоно. Энэ эрчээрээ 2030 он гэхэд Оюу Толгой дэлхийн дөрөв дэх том зэс үйлдвэрлэгч болоод зогсохгүй олборлолтын зардал хамгийн бага уурхайнуудын тоонд багтах юм
-"Мянганы зам бол Мянгуужингийн үлгэр биш. Харин 7000 гаруй км үргэлжилсэн бодит бүтээн байгуулалт"-
УИХ-ын чуулганы индэрээс "Мянганы замын их бүтээн байгуулалтын ажлыг монголчууд бид 23 жилийн дараа бүрэн хэрэгжүүлж дуусгаж чадлаа. Мянганы зам бол Мянгуужингийн үлгэр биш харин 7000 гаруй км үргэлжилсэн бодит бүтээн байгуулалт болсон гэдгийг энэхүү төслийг бүрэн дуусгаж байгаа Засгийн газрын тэргүүний хувьд онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна" хэмээн хэлж байсан. Зам дагаж хөгжил гэдэг. Ийнхүү 21 аймаг автозамаар холбогдов.
-Нэг хүнд ногдох ДНБ 5.2 мянган ам.долларт хүрэв-
Засгийн газар 2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлөөд буй. Тэгвэл одоогоор Монгол нэг хүнд ногдох ДНБ 5.220 мянган ам.доллар байна.
3.8 хувийн эдийн засгийн өсөлт
Эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд гарсан уу гэдэгт дүгнэлт хийцгээе. Ямартай ч цар тахлын үед -4.7 хувиар агшаад байсан эдийн засаг өнгөрөгч 2023 онд 3.8 хувийн өсөлттэй гарлаа.
-Гурван жилийн гадаад бодлого-
Гадаад бодлогын хувьд ахицтай ажилласан жил байлаа. Учир нь өнгөрөгч онд гадаад, дотоод руу чиглэсэн олон удаагийн айлчлалыг Ерөнхий сайд болоод Ерөнхийлөгч хийлээ. Энэ нь Монгол Улс ганцхан хойд, урд хоёр хөшртэй биш гэдгийг баталж, тэнцвэртэй, гуравдагч хөршийн харилцаагаа хадгалах, ахиулахад ахиц авчрах үйл явц өрнөв.
-Одоо харин Монгол руу...-
Айлчлал дан ганц гадагш чиглэсэнгүй. Манай улсад улс төрийн томоохон айлчлалууд хийгдсэн. Тухайлбал, БНХАУ, ОХУ, Японы Гадаад хэргийн сайд нар болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Францын Ерөнхийлөгч, Ромын папын айлчлалууд болсон.
-И Монголиа 3 жилийн хугацаанд иргэдийн 761 тэрбум төгрөгийг хэмнэжээ-
И Монголиа платформд Монгол Улсын насанд хүрсэн хүн амын 77 хувь буюу 1.75 сая иргэн бүртгэлтэй байна. Сард дунджаар 400 мянган иргэн идэвхтэй ашиглаж байна. Нээлтээ хийснээс хойш 1170 үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлжээ. Мөн 3 жилийн хугацаанд 38.5 сая үйлчилгээг иргэдэд үзүүлээд байгаа аж.
-Сугалаагүй цэцэрлэг, хөдөөгийн сэргэлт-
2024 оны улсын төсөв бол хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулагдсан болохыг албаныхан онцолж байв. 2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлөв. Түүнчлэн УИХ-ын гишүүдийн тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, олон улсын байгууллагуудын зөвлөмжид үндэслэн Шинэ сэргэлтийн бодлогын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог.
-Экспортын тээвэрлэлтийн гарцаа нэмэгдүүлэх боломж-
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг бол “Боомтын сэргэлт”. Ингэхдээ өнгөрөгч онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Монголын анхны хүнд даацын төмөр зам ашиглалтад орсон билээ. Олон жилийн турш шийдэж чадахгүй байсан хил холболтын цэгээ тохирч, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн гарцаа нэмэгдүүлэхэд эл бүтээн байгуулалт голлор үүрэг гүйцэтгэнэ.
1 тэрбум ам.доллар давсан орлоготой аялал жуулчлалын салбарын хөгжил
Аялал жуулчлалын салбарт "эргэлт" гарсан он цаг байлаа. Учир нь сая жуулчин авахаар зорилго тавьсан манай улс өнгөрөгч онд 700 мянга орчим жуулчин хүлээж авчээ. Хамгийн сонирхолтой нь, аялал жуулчлалын салбараас нэг тэрбум ам.долларын орлогыг эдийн засагт төвлөрүүлээд байна. Ирэх жилүүдэд эл салбарт чиглэсэн бодлогуудаа үргэлжлүүлэх хэрэгтэй болохыг судлаачид онцолж байна.